Цаг үеийн мэдээ

Азийн зуны спортын пара наадмын гурав дахь өдөр монголчуудад тун ээлтэй байлаа. Өнөөдөр нэг алт (таеквонд), гурван хүрэл (жюүдо хоёр, хөнгөн атлетик нэг) медаль хүртсэн үзүүлэлт нь Монголын багийн амжилтыг 16 дугаар байр руу хөтөлсөн юм. Тэднээс түүхэн амжилт байгуулсан бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Ц.Баттулгыг онцолъё.

Хөнгөн атлетикийн тэмцээнд Үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ. Найман орны тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж байна. Ингэхдээ улсын дээд амжилтыг шинэчилжээ. 

Түүний хоёр дахь Азийн наадам энэ бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсныг эргэн сануулъя. Түүнчлэн ДАШТ-ий долдугаар байр, Бээжингийн гран пригийн аварга, Бүх Оросын алтан медальт тамирчин юм. Ц.Баттулга нь  шүдний их эмч мэргэжилтэй ба өнгөрсөн жилээс тус спортоор идэвхтэй хичээллэж байна. 

Таны сурталчилгаа