Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 448 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухаан" их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Дэлгэрийн Цэрэнням анх удаагаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Завхан дэвжээ, АвДС-ийн бөх, сумын наадмын таван түрүүтэй заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн үзүүрлэв.
Дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Г.Өнөрбат нар шалгарлаа.
Дунд шөвгийн долоод Төв аймгийн сумын заан Б.Цогт, Хэнтий аймгийн сумын заан Н.Уугангэрэл, Д.Отгонбаяр нар үлдэв.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд уламжлал болгон олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, сумын заан Ганбаатарын Өнөрбатад, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Хэнтий аймгийн Мөрөн сумын заан Нэргүйбаатарын Уугангэрэлд тус тус олгов.
Сумын цолтой бөхчүүдийн чансааны дэлгэрэнгүй мэдээллийг https://www.devjee.mn/sum-chansaa хуудаснаас үзнэ үү.
Маргааш 13:00 цагаас Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.
Тус барилдааны түрүү бөх 10,0 сая, үзүүр бөх 8,0 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5,0 сая төгрөгний бай шагнал гардах юм.