БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 Монголын тамирчин Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ. Д.Саруултөгс “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна.
Мөн тус наадмаас Монголын хөнгөн атлетикийн тамирчид ДАШТ-д оролцох есөн эрх авч байна. Д.Саруултөгс медаль хүртсэнийхээ дараа "Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байгаа юм. Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биеллээ" гэв. Монголын хөнгөн атлетикчид Азийн наадмаас өмнө нь Э.Өнөрмаа мөнгө, Г.Мөнхбат, Г.Цогтгэрэл, Ц.Баттулга нар хүрэл медаль хүртэж байсан билээ.
Монгол Улсын баг “Ханжоу-2022” Азийн наадмын долоо дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 20 дугаар байрт жагсаж байна. Пара хөнгөн атлетикийн багийн ахлагч, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагч, спортын мастер Б.Батдорж, МҮПХА-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Одонбаяр, гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Энхбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч В.Батболд, дасгалжуулагч Д.Ирмүүн нарын удирдлага дор есөн тамирчин эрх авч оролцлоо.