ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр /2023.10.30/ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МҮДЭБ/-ын шинэ удирдлага Ц.Уугангэрэлийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд тамирчдын допингийн асуудал, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах болон МҮДЭБ-тай холбоотой үүсээд буй нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудлаар хэлэлцэж, санал солилцов.
МҮДЭБ-ын удирдлага Ц.Уугангэрэл хэлэхдээ “Ажлаа хүлээн авснаас хойш Төр засаг болон спортын удирдах түвшний байгууллагуудтай албан уулзалтууд хийж байна. МҮДЭБ-д сайн засаглалын үндсэн зарчмуудыг дагаж мөрдөх, олон нийтэд нээлттэй болгох, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллага /ДДЭБ/-гаас тавьсан шаардлагуудыг биелүүлэх зэрэг нэн тэргүүний анхаарах шаардлагатай зүйлсэд яаралтай арга хэмжээ авах ажлуудыг эхлүүлээд байгааг танд дуулгая. ДДЭБ-аас тавьсан шаардлагуудыг үе шаттай биелүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд допингийн шинжилгээг цусны дээжээс авдаг болох, шинжилгээний савыг Швейцарын талаас захиалах, БНСУ-ын талтай нэмэлт гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хэдийн эхлүүлээд байна.
Мөн бид Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон бусад орны допингийн байгууллагуудын олон улсын дүрмийг сайтар судалж, үйл ажиллагааг сайжруулах сайн жишээг авч хэрэгжүүлэх, МҮДЭБ-ын удирдах зөвлөлд бүх талуудын оролцоог хангах зэрэг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд их байна.” гэв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Спортын цэвэр шударга өрсөлдөөнийг дэмжиж, допингийн эсрэг тууштай тэмцэх үйл ажиллагаанд МҮОХ-ны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон Тайланд, Индонези зэрэг орны ҮОХ-доос допингийн эсрэг байгууллагатай хэрхэн хамтран ажиллах, олон улсын спортын арбитрч нараас мэргэжлийн зөвлөгөө авч, хамтран ажиллах зэрэгт холбож өгөх бүрэн боломжтой” талаар мэдээлэв.