Цаг үеийн мэдээ

ФИБА Ази нь газар зүйн байршлаар таван дэд хэсэгт хуваагддаг. Үүн дунд Монгол улс Зүүн Өмнөд Азийн сагсан бөмбөгийн холбоо (EABA)-д БНХАУ, Япон, Тайвань, БНСУ, БНАСАУ, Хонконг Макао зэрэг улсуудтай багтдаг. Тус холбооны гол зорилго бүс нутгийн сагсан бөмбөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршдог. МСБХ-ноос Дэд Ерөнхийлөгч Э.Анар Зүүн Өмнөд Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилладаг ба тус холбоог НБА болон ФИБА-гийн алдарын танхимын гишүүн, ФИБА-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, ФИБА Азийн Удирдах зөвлөлийн дарга, БНХАУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Яао Минг тэргүүлдэг.

Зүүн Өмнөд Азийн Сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах болсныг МСБХ-нд албан ёсоор мэдэгдлээ.

Тус хуралд Дэлхийн сагсан бөмбөгийн од Яао Минг тэргүүтэй Ази тивд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд, ФИБА болон ФИБА Азийн удирдлага, төлөөлөгчид ирнэ.

Тус хурлаар хэлэлцэх гол асуудал нь бүс нутагтаа өсвөр үе, эмэгтэй, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ФИБА Азиас зохион байгуулж буй Зүүн Өмнөд Азийн Супер лиг (East Asia Super League)-ийн зохион байгуулалтыг ярилцах юм. 

EASL-т тухайн улсын ФИБА-гийн гишүүн холбоодын лигийн аварга багууд өрсөлдөх юм.

Таны сурталчилгаа