Байлдааны гавьяаны Улааны тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Байлдааны тугийг ёслол хүндэтгэлтэйгээр залж алхах агаад сүр хүч, тэмцэл ялалтын бэлгэдэл энэ туг дор цэцэн буугаа мөрлөсөн цэрэг эрс жигдрэн жагсжээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албанд татагдаж ирсэн шинэ дайчид. Тэд цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангаргаа өргөхөөр эгнэн жагссан нь энэ юм.
“Зүүнбаянгийн дивиз” буюу “Хээрийн академи” нэрээрээ алдаршсан энэхүү анги нь өнгөрсөн 91 жилийн хугацаанд Зэвсэгт хүчний үе үеийн шилдэг генерал, офицер, ахлагч нарыг эгнээнээсээ төрүүлж, эх оронч үзэл сэтгэлгээтэй мянга мянган хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэж, монгол цэргийн дайчин түүх, шилдэг уламжлалыг түүчээлэн явааг баярын энэ өдөр хүрэлцэн ирсэн зочид, хугацаат албаны дайчдын ар гэрийн төлөөлөл онцгойлон дурдаж байсан нь тангараг өргөсөн дайчдад урам зоригийг нь улам бадраасан ташуур үг байв.
Эрхэм дайчдынхаа цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд ХЗЦК-ын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр, Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Баярмагнай нарын удирдлагууд оролцож "Онц буудагч", "Тамирчин дайчин", "Онц сурлагатан" тэмдгийг хүндэтгэлтэйгээр гардуулж, албаа нэр төртэйгөөр хаахыг захилаа.
Тус ангийнхан ЗХЖШ-ын даргын өгсөн үүргийн дагуу тангараг өргөх ёслолын ажиллагааг дайчдын ар гэрийнхэнд "Нээлттэй өдөрлөг" хэлбэрээр зохион байгуулж, цэргийн албыг сурталчилсан олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.