Озэки Киришима Б.Лхагвасүрэн Кюүшү башёд түрүүлснийхээ дараа буюу өчигдөр уламжлал ёсоор хэвлэлийн бага хуралд оролцжээ.
Энэ жилийн эхний Хацү башёд үзүүрлэж, 11 даваа авсан Б.Лхагвасүрэн Харү башёд түрүүлснээр озэки цолонд илүү ойртож, тавдугаар сарын башёд 11 даваа авснаар озэки цолны болзлыг хангаж, багшийнхаа амжилтыг давтсан бол энэ оны сүүлийн башёд түрүүлснээр хоёр дахь түрүүгээ хүртсэн юм.
Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр багшийнхаа нэрээр түрүүлсэндээ туйлын баяртай байгаагаа хэлсэн байна.
Киришима Б.Лхагвасүрэн энэ жил нийт 62 даваа авч, дээд зиндааны бүх бөхчүүдийг даваагаараа тэргүүлжээ.
Японы сүмо бөхийн холбооноос өнгөрсөн ням гарагт Киришимаг дараагийн ёкозүна болоход тун ойртсоныг мэдэгдсэн бөгөөд ирэх нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлэх эсвэл түрүүлэх хэмжээний амжилт үзүүлэхэд ёстой гэжээ. Мөн ирэх оны дөрөвдүгээр сард Мичинокү оякатаг зодог тайлна гэж мэдэгджээ.
Энэ талаар Киришима багшийгаа зодог тайлахаас өмнө ёкозүна цол хүртэхийг хүсч байгаагаа хэлээд "Түүнийг явахаас өмнө, би амьдралынхаа цор ганц мөрөөдлийг биелүүлмээр байна" гэсэн байна.