Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын пауэрлифтингийн анхдугаар тэмцээн Спортын төв ордонд арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 15 байгууллагын 200 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн хоёр жинд өрсөлдөх бол мастер-1 ангилалд зургаа, мастер-2 ангилалд дөрвөн жинд аваргуудаа тодруулж байна.
Тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба хэлсэн үгэндээ Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын спорт дахь үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын нийгэмд үзүүлэх бие бялдар, мэргэжил, ур чадвар, сэтгэл зүй, үлгэр дуурайллыг дээшлүүлэхэд чиглэгдсэн олон арга хэмжээг Ерөнхийлөгчийн санал санаачилга дор үр дүнтэй зохион байгуулж, албаны ачаалал, сэтгэл зүйн төлөв байдлаа спортын төрлөөр хичээллэх замаар даван туулдаг байх, баг хамт олноороо эвлэлдэн нэгдэж, нийт үндэстнээрээ улс орныхоо сайн сайхны төлөө хичээн зүтгэдэг, тамирчин хүнд байдаг хатуужил, эх орноо гэсэн торгон мэдрэмжийг уялдуулан холбох эрхэм зорилгыг энэхүү тэмцээн агуулж байна.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид хөгжлийнхөө 20 жилийн хугацаанд тив, дэлхийн олон аваргуудтай, 21 аймаг, есөн дүүргийг хамарсан 6000 гаруй тамирчинтай, улсын болон бүсийн хэмжээний тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байгааг онцоллоо.
Тэмцээний шүүгчдийн тангарагийг пауэрлифтингийн паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, тамирчдын тангарагийг пауэрлифтингийн хэвтээ шахалтын Залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл, Азийн АШТ-ний хошой аварга, ШШГЕГ-ын 421-р нээлттэй хорих ангийн сувилагч, дэд ахлагч Энхжаргалын Галбаяр уншлаа.
Тэмцээнд оролцогчдоос онцолбол, хүндийн өргөлтийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэг, жүдо бөхийн Ази тивийн аварга Б.Ганхайч, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан, хүрэл медальт Э.Даваачимэг, пауэрлифтингийн Ази тивийн аварга, улсын начин Э.Ууганбаяр нарын сайчууд өрсөлдөж байна.
Энэ тэмцээнд:
1. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл
2. Монгол Улсын Батлан хамгаалах яам
3. Авлигатай тэмцэх газар
4. Монгол Улсын Ерөнхий прокурорын газар
5. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб
6. Хил хамгаалах ерөнхий газар
7. Онцгой байдлын ерөнхий газар
8. Цагдаагийн ерөнхий газар
9. Дотоодын цэргийн штаб
10. Тагнуулын ерөнхий газар
11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
12. Төрийн тусгай хамгаалалтын газар
13. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
14. Үндэсний батлан хамгаалахын их сургууль
15. Дотоод хэргийн их сургууль