Сумын цолтон залуу бөхчүүдийн 112 дахь удаагийн 2023 оны отгон барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбаярын Баасанжав түрүүлж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Амарбатын Баянмөнх үзүүрлэв.
Гуравт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Нью Бест Хаус” ХХК-ийн бөх, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Б.Бат-Эрдэнэ үлдсэн бол тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Х.Чойжилсүрэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй заан Д.Хандсүрэн нар шалгарлаа.
Есөд Ховдын сумын заан Г.Батзориг, Баянхонгорын сумын заан Б.Хаш-Эрдэнэ, Өвөрхангайн сумын заан Ж.Мягмарсүрэн, Баян-Өлгийн сумын заан Х.Жарденбек нар үлдэв.
Барилдаан бүрд олгодог "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Төв аймгийн Батсүмбэр сумын начин М.Өсөхбаярт, "Үнэнч үзэгчийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, сумын заан Х.Гасырбек нарт бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Б.Баатархүү гардуулсан юм.
Ирэх Баасан гараг буюу 12-р сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанаар 2023 оны барилдаанууд өндөрлөнө.