БНСУ-ын Канвон мужид 2024 оны 1 сарын 19-нөөс 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд болох Залуучуудын IV өвлийн Олимпын наадамд 79 улс орны шилдгийн шилдэг 1900 залуу тамирчид хуран чуулж, өвлийн 7 спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөх эрхээ хүртээд байна.
Олон улсын олимпын хороо, Олон улсын спорт холбоодоос баталсан олимпын эрх олгох журмын дагуу Монгол улсаас биатлоны төрөлд 6 тамирчин, гүйлтийн цанын төрөлд 4 тамирчин болон уулын цанын төрөлд анх удаа 2 тамирчин нийт 12 тамирчин Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ баталгаажууллаа. "Канвон 2024" Зохион байгуулах хороонд тамирчин Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нарыг гүйлтийн цанын төрөлд, тамирчин М.Манлайжав, Х.Халиун нарыг уулын цанын төрөлд, тамирчин Б. Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюуцолмон, Д.Нямсүрэн нарыг биатлоны төрөлд оролцуулахаар Монголын цанын холбоо болон Монголын биатлоны холбоотой хамтран шийдвэрлэв.
Залуучуудын олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн уулын цанын тамирчин Мянгайбаатарын Манлайжав болон биатлоны тамирчин Дэмүүлийн Нямсүрэн нар Монголын багийн тугчаар оролцох бол МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын багийн ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдоод байна.
2012 онд Австри улсын Инсбрук хотноо, 2016 онд Норвеги улсын Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн олимпын наадмуудад гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд тус бүр 2 тамирчин Монгол улсаас оролцож байсан бол Швейцарь улсын Лозанн хотноо болсон олимпод гүйлтийн цана, биатлоны төрөлд нийт 6 тамирчин оролцсон билээ.