Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр /2024.01.05/ Катарын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч  Мохаммед Бин Юүсеф Ал Мана болон Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Сауд Али Ал Тани нартай Катар улсын Доха хотноо уулзав.

Уулзалтын үеэр Шейх Сауд Али Ал Тани нь Монголын сагсан бөмбөгийн тамирчдын амжилт эрс сайжирч, олимпын наадамд өрсөлдөх болсонд онцгойлон баяр хүргээд “Парис 2024” олимпын наадамд улам илүү өндөр амжилт үзүүлэхийг нийт Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид, спортыг дэмжигч талуудад хүсэв. Тэрээр манай улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, баг тамирчдыг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, тогтвортой байх тал анхаарах шаардлагатайг дурдав.

Оман улсын Мускат хотноо 2020 оны 10 дугаар сард болсон Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблейгаас Катар улсын Доха хот нь 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах эрхийг хүртээд байгаа юм. Ийнхүү 2006 онд Азийн наадмыг зохион байгуулснаас хойш 24 жилийн дараа дахин АОЗ-ийн гишүүн 45 орны шилдэг тамирчдыг эх орондоо хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн “Доха 2030” Азийн наадамд баг тамирчдаа амжилттай оролцуулах тал дээр хоёр орны ҮОХ-д хамтран ажиллана.

Катар улс нь спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах арвин туршлагатай. Тухайлбал, 2019 онд Хөнгөн атлетикийн ДАШТ, ҮОХХ-ны Дэлхийн элсний спортын анхдугаар наадам, 2022 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны Дэлхийн цомыг амжилттай зохион байгуулсан бол 2024 онд Усан спортын ДАШТ зохион байгуулах юм.

Таны сурталчилгаа