Цаг үеийн мэдээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 2024 оны эхний буюу 113 дахь удаагийн барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбаярын Баасанжав үзүүрлэв. Д.Цэрэнням зааны хувьд долоо дахь удаагаа түрүү үзүүр булаалдан, хоёр дахь түрүүгээ авсан бол М.Баасанжав заан гурав дахь удаагаа тэргүүн байрын төлөө барилдаж анх удаагаа үзүүрлэв.  

Гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Оргилсайханы Доржсамбуу үлдсэн бол тавд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан О.Ихбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Увснуур дэвжээний бөх, сумын заан Э.Ганболд нар шалгарлаа. 

Харин аравт сумын заан Хөвсгөлийн Г.Өнөрбат, Увсын А.Баямөнх, Баянхонгорын Б.Содномдаржаа, Хэнтийн Н.Уугангэрэл, Төвийн Т.Түмэнжаргал нар үлдэв. 

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан"-ы шагналыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын заан О.Ихбаярт, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Увс аймгийн Баруунтуруун сумын заан Э.Ганболдод тус тус олгохоор шийдвэрлэжээ. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү гардуулсан юм.

Маргааш буюу 01-р сарын 07-ны өдөр 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. 

Үзэгчид тасалбараа https://www.ticket.mn/event/1917 -ээс захиалан авах боломжтой. 

Таны сурталчилгаа