Цаг үеийн мэдээ

УАШТ-ий эрэгтэйчүүдийн 97 кг-ын финалд өрсөлдөх хоёр бөхийн нэр тодорлоо.

Хагас шигшээгийн эхний учраанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт Г.Ганхуяг өрсөлдөгч бөх, ДАШТ-ий V байрын шагналт Л.Төртогтохыг 7:0 оноогоор ялж, финалд шалгарлаа. 

Тэрбээр өнгөрсөн жил улсын наадмаар харцага цол хүртэж, Азийн наадмаас хүрэл медалиар энгэрээ мялаасан бол шинэ оныг урамтай эхлүүлж, улсын аваргын төлөө өрсөлдөхөөр болов.

Хагас шигшээгийн нөгөө хос барилдаан тун сонирхолтой өрнөж, ДАШТ-ний 5-р байр, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт ОУХМ Ө.Батзул өрсөлдөгч бөх, өнгөрсөн жилийн улсын аваргын мөнгөн медальтай Б.Бадамдоржийг цэвэр ялсан юм.

Тэрбээр барилдааныг 1:0-ээр хошуучилж явсан ч өрсөлдөгчийнхөө тавхайлдах мэхэнд бүхэл 4 оноо алдсан. Гэхдээ дараа нь ард нь гарч хоёр оноо аван ойртуулж, улмаар үргэлжлүүлэн даралтаар цэвэр ялалт байгууллаа. 

Маргааш Г.Ганхуяг, Ө.Батзул нар аваргын төлөө өрсөлдөж, олимпын эрхийн тэмцээнд хэн нь явахаа шийдэх болно.

Таны сурталчилгаа