Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Засгийн газрын 2024 оны 01-р сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн салбарын алдартнуудыг тодруулсан юм.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багийн малчин Д.Гүнчиг 19 жил мал маллаж байна. Тэрээр 30 гаруйхан насандаа “Улсын аварга малчин” болж байгаа нь энэ. Мал сүргээ таван төрлөөр өсгөн үржүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарт анхаарч чадсан учраас тэрээр “Улсын аварга малчин”-аар тодорч байна. Д.Гүнчиг 200 гаруй тэмээн сүргийг маллаж, аймаг орон нутгийнхаа тэмээний баярт жил бүр амжилт үзүүлэн оролцдог. Тэрээр 2015, 2016 онд Уяач тэмээчин, 2023 онд сумын Аварга үхэрчнээр шалгарчээ. Удам залгасан малчин Гүнчигийн аав Доржпалам улсын аварга малчин цолонд хүрэх гэж хичээн амьдарчээ. Харин хүү нь түүний үйл хэргийг үргэлжлүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Улсын аварга малчны шагнал бол төр нь малчнаа хүндэтгэн очиж, золгодог уламжлалтай шагнал. Энэ жил 286 улсын аварга малчин тодорч байна. Говь-Алтай аймгаас улсын аварга 10 малчин, саальчин, тариаланч нар тодорч, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна.
Малын тоонд бус чанарыг чухалчилдаг болсон энэ цаг үед Улсын аварга малчин Д.Гүнчиг ээлжийн ингэ бүрээс жилд 20-25 ботго бойжуулж, төлтэй ингэ бүрийг саальд хамруулж байна. Цаашид малаа улам чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэхээ тэрээр илэрхийллээ.
Засгийн газрын тогтоолоор энэ жил “Улсын аварга малчин”-аар 186 малчин, “Улсын хошой аварга малчин”-аар 18 малчин тодорлоо. Мөн үүнээс гадна “Улсын аварга саальчин”-аар 12, “Улсын аварга фермер”-ээр 14 хүн тус тус тодорлоо.