Цаг үеийн мэдээ

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 107, зуны паралимпын наадам эхлэхэд 140 хоног үлдлээ. Хүн төрөлхтний хүсэн хүлээсэн эдгээр наадмууд хаяанд ирснийг сануулж, “Парис-2024” олимп, паралимпын наадам оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өнөөдөр болсон юм. Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар олимпын 10, паралимпын дөрвөн эрх аваад байна. 

Үндэсний шигшээ багаас өгсөн мэдээллийнхээ эхэнд “Парис-2024” олимпын наадамд спортын 12 төрөлд 45 эрх авч 4-5 медаль хүртэх зорилго тавьж байгаа бол паралимпын наадамд спортын долоон төрөлд 12 эрх авч 2-3 медаль хүртэх зорилго тавьжээ. Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн тамирчдын бие бялдар, сэтгэл зүй, бэлтгэл дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хангах зорилгоор Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх баг ажиллаж байгааг дуулгалаа. Тус багт Спортын анагаах ухаан, Спортын бэлтгэл дасгалжуулалт, Спортын сэтгэл зүй, Спортын хоол зүйн багуудыг үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Мөн “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлаж байгаа бөгөөд тус наадмуудад оролцох тамирчдын спорт хувцсыг “Мизүно” брэнд урлах юм. 

“Мишээл Амазонка” брэнд нь өвөл, зуны олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан туршлагатай бол “Мизүно” брэндийг сонгохдоо 18-60 насны 10 мянган иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулгаар сонгон шалгаруулжээ. Ёслолын болон спортын багц хувцасны загварыг эцэслэн баталж, үйлдвэрлэн энэ оны зургаадугаар сарын эхний 14 хоног багтаан авчрахаар ажиллаж байна. 

Түүнчлэн олимпын наадмын үеэр “Mongolia House” төслийг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд “GO MONGOLIA” брэндийг олон улсад танилцуулж, Монгол орны нүүдэлчин ахуй соёл, урлагийн тоглолт, идээ ундааны дээж, зочлох хүндлэх ёсыг дэлхийн улс орнуудад сурталчлах, Монголын олимпизмын хөдөлгөөнийг дэмжиж, дэлхий нийтэд сурталчлах, олимпод оролцож байгаа баг тамирчдаа дэмжих зорилгыг агуулж байгаа юм.

Таны сурталчилгаа