Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш Улсад 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Польш Улсын Цэргийн урлагийн академи хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт Варшав хотноо гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар ОБЕГ, академи хоёр харилцан туршлага солилцох нөхцөл бүрдэх юм.

Цэргийн урлагийн академи (Akademia Sztuki Wojennej; AszWoj) нь Польшийн цэргийн мэргэжлийн дээд түвшний сургууль юм. Батлан ​​хамгаалах яамны шийдвэрээр Үндэсний батлан ​​хамгаалахын их сургууль (Akademia Obrony Narodowej, AON)-ийг 2016 онд Цэргийн Урлагийн академи болгон өөрчилж, бүтцийг шинэчилсэн байна.

Цэргийн Урлагийн академийн үндэс суурь 1765 онд хаан Станислав Август Пониатовски Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн орнуудын анхны улсын сургууль болох кадетуудын корпусыг байгуулснаар тавигдсан. Кадетуудын корпусыг Цэргийн дээд сургууль (1919-1946), дараа нь Үндэсний батлан ​​хамгаалахын их сургууль (1991-2016) болгон өөрчилсөн байдаг.

ASzWoj нь бакалавр, магистр, докторын зэрэг олгохын зэрэгцээ цэргийн тусгай мэргэжлийн алба хаагчдыг бэлтгэдэг. Варшав хотын зүүн захад байрлалтай тус академи нь 600 гаруй багш, ажилтан, 2400 гаруй суралцагчидтай юм байна. 

Онцгой байдлын байгууллагаас 2019 онд алба хаагчдаа сургаж эхэлсэн ба энэ хугацаанаас хойш оператив-тактик, оператив-стратеги чиглэлээр 4 офицер төгссөн бол одоо нэг офицер суралцаж байгаа юм.  

Таны сурталчилгаа