Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлага, ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн орчны асуудлаарх ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас товч тодруулга авлаа.
Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх асуудлыг “Гурван төгөлдөршил”-ийнхөө гол үзэл баримтлал хэмээн тодорхойлж байна. Тэгэхээр таны ахалж буй ажлын хэсгүүд чухал дүгнэлтүүдийг гаргах нь байна?
Хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогын үндсэн хэсэг нь хүн төвтэй эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хүний бүх төрлийн, тухайлбал, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, үндэс угсаа зэрэг хүний бүхий л эрхийг хангах асуудал юм. Энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг Улсын Их Хурал ирэх дөрвөн жилд боловсронгуй болгоно гэсэн үг. Зохицуулалтыг боловсронгуй болгоно гэдэгт зөвхөн хууль, эрх зүйн уялдаа холбоо, нийцлийг хангаад зогсохгүй салбар дундын харилцаа, бодлого, үйл ажиллагааны уялдааг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Миний ахалж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хэвшүүлэхтэй холбоотой ажлын хэсэг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлуудыг хууль эрх зүйн бодлого, баримт бичгийн хүрээнд ямар байдлаар шийдэж ирснийг судалж, тэнд байгаа хоосон зай, дутуу үлдсэн зүйлсийг нөхөж гүйцээх, сайжруулах талаар санал дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй. Ялгаварлан гадуурхалтын эсрэг асуудлаарх ажлын хэсэг уг асуудлаарх хуулийн зохицуулалтууд, тэдгээрийн хэрэгжилт, нөхцөл байдлын судалгааг хийж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах юм.
Хүний эрх, ялгаварлан гадуурхалт гээд хэдхэн үгээр илэрхийлж байгаа боловч эдгээрийн цаана олон асуудал байна. Өөрөөр хэлбэл, таны ахалж буй ажлын хэсгүүд нэлээд өргөн хүрээтэй ажиллах нь?
Үнэхээр тийм. Нийгмийн харилцааг маш олон хууль, журмаар зохицуулж байгаа боловч өдий хүртэл, он удаан жил шийдэгдэхгүй байгаа, яг хүн рүү чиглэсэн цөөнгүй асуудлыг шийдэх хэрэгцээ зайлшгүй тулгарч байгаа. Тухайлбал, саадгүй байдал, хүртээмж, халамж, асрамжийн тухай асуудлууд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, нийгмийн даатгалын асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал руу орж ажиллана. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй холбоотой хууль хоорондын уялдаа холбоог нь сайжруулах хэрэгцээ шаардлага бий. Ялгаварлан гадуурхалтын асуудал эрх зүйн бүх хүрээг хамарч байгаа. Манай улс энэ талаар өмнө нь бие даасан хуультай болохоор ажиллаж байсан юм билээ. Хэдийгээр бие даасан хуультай болж чадаагүй байгаа ч багагүй хэмжээний судалгаа, дүн шинжилгээ хийгдсэн байна. Тэр бүхнийг манай ажлын хэсэг авч үзэж, холбогдох санал дүгнэлтийг гаргах юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт бий. Улсын Их Хурал хууль батлахдаа Үндсэн хуулийн энэ заалтад нийцүүлдэг шүү дээ. Тэгэхээр хууль, бодлогын баримт бичгүүдэд энэ талаарх зохицуулалтууд тусаад явдаг юм биш үү?
Ялгаварлан гадуурхалтын эсрэг зохицуулалт, заалтууд хуульд байдаг ч асуудлыг шийдвэрлээд, ялгаварлан гадуурхсан тохиолдлуудад хариуцлага хүлээлгээд, зөрчлийг арилгаад, хохирогчийг хохиролгүй болгоод явсан тохиолдол байдаггүй юм билээ. Гэтэл амьдрал дээр ийм тохиолдол маш элбэг гардгийг бид мэднэ. Хэн нэгэн хүнийг гадаад төрхөөр нь ч юм уу, нас, хүйс, эсвэл эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээлээр ялгаварласан, гадуурхсан, түүнээс болоод тухайн хүн эрүүл мэнд, эд материал, сэтгэл санаагаараа, тэр байтугай амь насаараа хохирох нь ч байна. Тэгэхээр энэ асуудлыг хуулиар зохицуулж, хэн ч байлаа гэсэн өөрийн төрөлхийн болон олдмол, заяагдмал онцлогуудаараа гадуурхагддаггүй байх, хүнийг ялгаварласан бол хариуцлага хүлээлгэдэг л байх ёстой.