Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардан 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд жагсаал хийж байна. Энэ үеэр жагсаал зохион байгуулагчид “Монгол Улсын Их хурлын танхимд хүртэл дуу хоолойгоо нэгтгэх болно. Бид Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их хурлын төсвийн байнгын хороо, Монгол Улсын Их хурлын нийгмийн бодлогын байнгын хороо, Сангийн сайдад албан шаардлага хүргүүлж байгаа. Энэхүү шаардлагад:
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ танаа шаардлага хүргүүлэх нь,
Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжиж эхлээд 3 жилийн гаруйн хугацаа өнгөрч байгаа ч гажуудал ихээр гарч, эмнэлгүүд ЭМДС-гаас авах ёстой санхүүжилтээ бүрэн авч чадахгүйн улмаас ажилтнуудын нийгмийн болон ЭМД, хувь хүний орлогын албан татварыг төлөх боломжгүй боллоо. Үүнээс болж өр үүссэн, мөн эмнэлгүүдэд эмийн өр ихээр үүссэн тул цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн хүндрэл үүсээд байгаа. Эмнэлгүүдийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаа учраас тухайн байгууллагын хамтын гэрээ хэрэгжихгүй, байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг заасан хугацаанд нь өгч чадахгүй учраас тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна.
Иймд эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн тогтолцооны гажуудлыг засах, шинэчлэн өөрчлөхөд өөрсдийн санал, үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэлээ. Төр засагт үүнийгээ хүргэн шийдвэрлүүлэхээр Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй “Хөдөлмөрийн үнэлэмж амьдралын баталгаа” сэдэвт эв нэгдлийн жагсаал цуглаанд оролцогчид болон нийт гишүүд, сонгуультнуудаас Монгол Улсын Засгийн газарт хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьд хүргэх,
2. Төрөөс даадаг даатгуулагчдын ЭМД-ын шимтгэлийг 3 хувь болгон нэмэгдүүлэх,
3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу шинэчлэн тогтоох,
4. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг арилгах, оновчтой болгож эмч ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх,
5. Эмнэлгийн мэргэжилтний ажлын үнэлгээг бодитой үнэлж, норм нормативыг шинэчлэн тогтоох,
6. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын иж бүрэн хувцсыг улсын төсөвт нэмж тусган хэрэгжүүлэх,
Дээрх шаардлагыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас бодлогын түвшинд тодорхой арга хэмжээ авч шийдвэрлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Шаардлагын хариуг 2024 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Монгол эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Хөдөлмөрийн үнэлэмж амьдралын баталгаа” сэдэвт жагсаал цуглаанд оролцогчид. 2024 оны аравдугаар сарын 3-ны өдөр” гэжээ.