Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2024.10.03) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. 

О.Алтангэрэл сайд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, тэр дундаа АНУ-ын Төрийн департаментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчоо (INL) -ноос Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарахын зэрэгцээ тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд харилцан туршлага солилцож буйг онцлон талархал илэрхийлсэн.  

Ноён Ричард Буанганы зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс Ардчиллаа хамгаалахын төлөө тууштай зүтгэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шударга нийгмийг бүтээхээр зорьж буйд талархалтай ханддагаа илэрхийллээ. Мөн гуравдагч хөршийн хувиар хууль сахиулах салбарт хамтран ажиллахдаа таатай байгаагаа дуулгаж, хүний эрх, эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдал, хүүхэд хамгаалал, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон асуудалд тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. 

Талууд цаашид хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан “Ил тод байдлын хэлэлцээр”-ийн дагуу худалдаа, эдийн засаг, хууль журам боловсруулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн  яамны хэмжээнд алба хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхдээ барууны сургалтын арга барил нэвтрүүлэх, Цагдаагийн сургалтын төв байгуулах боломжийн талаар санал солилцлоо. 

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, АНУ-ын Хууль сахиулах, аюулгүй байдлын атташе Жоэл Ортез нарын төлөөлөл байлцлаа.

Таны сурталчилгаа