Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, шинэ зах зээл нээх, хамтран ажиллах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Мишээл экспо” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2024, Европын холбоонд” арга хэмжээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Парис хотноо үргэлжилж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Мишээл Экспо ХХК-ийн ахлах менежер З.Одонтуяа нараар ахлуулсан манай ЖДҮ-ийн төлөөлөгчдийг өнөөдөр буюу 2-ны өдөр Францын Аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн хөдөлгөөн MEDEF -ний дэд захирал Жеральдин Лөбмлэ Парис хотноо өөрийн байранд хүлээн авч уулзаж, тус улсын 190 мянган аж ахуйн нэгжийг нэгтгэдэг өөрийн байгууллагын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, мөн энэ сарын сүүлээр тус байгууллагын дэргэдэх Франц, Монголын бизнес зөвлөлөөс францын ажил хэрэгч хүмүүсийн айлчлалыг Монгол Улсад зохион байгуулах гэж буй талаар тус тус мэдээлэв.
Түүнчлэн төлөөлөгчид хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засаг, худалдааны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов. Мөн ирэх сард Монгол Улсад зочлох МЕDEF -ийн төлөөлөгчид, гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах, харилцан туршлага солилцох боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Ташрамд дуулгахад, МЕDEF байгууллага нь 1998 онд байгуулагдсан бөгөөд 1946 онд байгуулагдсан Францын Ажил олгогчдын үндэсний зөвлөл /ФХЭҮЗ/-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлж буй холбоо юм. Тус байгууллага нийт 190,000 гаруй гишүүнтэй, тэдгээрийн 70 орчим хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг байна.
Мөн өдөр манай төлөөлөгчдийг Францын төрийн “BPIFrance” банкны Азийн бүсийн менежер хатагтай Элоди Барриа, Экспортын санхүүжилтийн газрын зөвлөх ноён Хюго Пүлё нар хүлээн авч уулзан, үндэсний экспортыг дэмжих чиглэлээр тус банкнаас олгодог санхүүжилт, хөрөнгө оруулалт, даатгалын үйлчилгээний талаар танилцууллаа.
“BPIFrance” банк 3200 ажилтантай ба Францад 50 салбартай, олон улсад 11 салбартай 52 тэрбум еврогийн өөрийн хөрөнгөтэй төрийн банк юм.