Монгол Улсын Шинжлэх ухааны академиас жил бүр нийгмийн бодит хэрэглээ болгох боломжтой онолын суурь судалгааны ажлын завсрын болон эцсийн үр дүнд зайлшгүй шаардлагатай нэмэлт судалгаа, тооцоо, үндэслэл, боловсруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд нэг жилийн хугацаатай “Грант” олгодог билээ.
Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Б.Батбаярын санаачилсан “Буудлагын зэвсгийн сум сумлах багажийн бүтээц” сэдэвт суурь, хавсарга судалгааны төсөлт ажил шалгарсан юм.
Энэхүү төсөлт ажил нь Батлан хамгаалах салбарт анх удаа хэрэгжсэнээрээ онцлогтой. Төслийн багийнхан 2020-2021 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улс (БНӨСУ)-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны X ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэх үедээ бодит нөхцөлд суурь судалгааны ажлыг эхлүүлжээ. Уг судалгааны ажлын хүрээнд сум, галт хэрэглэлийг буудлагад бэлтгэх үед гарч буй эрсдэл, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй шалтгааныг нээн илрүүлж, дүгнэлт гаргасан нь уг төслийг хэрэгжүүлэх үндэслэл болсон байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын нэн хэрэгцээг үндэслэн зохион бүтээгдсэн энэхүү багаж нь сум, галт хэрэглэлтэй харьцах үеийн аюулгүйн ажиллагааг бүрэн хангасан, авч явахад авсаархан, ашиглалт төвөггүй, удаан эдлэгдэх, засвар авах чадвар өндөр, цэргийн сургалт бэлтгэлд, ялангуяа энхийг дэмжих ажиллагааны газар оронд ашиглахад нэн тохиромжтой зэрэг олон давуу болон шинэлэг талыг агуулсан байна.
Ташрамд дурдахад “Буудлагын зэвсгийн сум сумлах багаж” нь Оюуны өмчийн газраас 10 жилийн хугацаатай “Ашигтай загварын патент” авсан ба Монгол Улсад анх удаа зохион бүтээгдсэн бүтээл болж байна.