Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй замын засвар болон энэ долоо хоногт засварт орох замуудын талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас /НЗХГ/ мэдээлэв.
Тодруулбал, "Да хүрээ" зах өнөөдөр буюу Даваа гарагт амрах учир Эрдэнэтолгойн уулзвараас "МТ" ШТС-ын уулзвар хүртэлх авто замын ажил эхэлж байна. Тус зам нь 14 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээтэй бөгөөд засварын ажлыг аравдугаар сарын 7-8-нд хийж дуусгахаар төлөвлөжээ.
Эрдэнэтолгойн уулзварын замыг засаж дууссаны дараа аравдугаар сарын 8-нд Цагдаагийн гудамжны зам засварын ажил эхэлнэ. Ингэхдээ эхний ээлжид Оргил худалдааны төвөөс Хилчиний уулзвар хүртэлх 800 метр, дараагийн ээлжид Хилчиний уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх замыг засах юм. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан өдрийн цагаар замын хучилтын ажлыг хийж байгаа юм.