“Уул уурхайн 7 хоног” чуулга уулзалтын үеэр “Оюу толгой” компанийн асарт оюутан залуусын хамгийн их сонирхож байсан мэдээлэл нь тус компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд болон Оюу толгойд ажилд орохын тулд ямар шаардлага, шалгуурыг хангах тухай байлаа.
“Оюу толгой” компаниас зарладаг хамгийн эрэлттэй хөтөлбөрүүдийн нэг нь Шинэ төгсөгчийн хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь дөнгөж шинэ төгссөн боловсон хүчнийг туршлага харгалзахгүйгээр хоёр жилийн хугацаанд үндсэн мэргэжилтэй нь ижил төстэй ажлын байрт сэлгэн ажиллуулж, өөрийн хамгийн дуртай, сайн хийж чадах ажлаа олоход нь туслах зорилготой.
Мөн “Оюу толгой” компанийн Гадаад, дотоодын их дээд сургуульд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр, Залуусын хөгжлийн хөтөлбөр зэрэг нь ч залуусын дунд эрэлт ихтэй байдаг байна.
Ирээдүйд “Оюу толгой” компанид ажиллахаар зорьж буй оюутан, залуучуудад “Оюу толгой” компанийн Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын Зөвлөх Б.Золбоо дараах зөвлөмжийг өгсөн юм.
Тэрээр, “Манай компанийн хүний нөөцийн гол бодлого Оюу толгойн үнэт зүйлс болон ёс, зан төлөвийг зохистойгоор баримтлан ажиллахад оршдог. Ажлын байрны соёл нь аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлага дээр суурилдаг. Бүх ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, ажилтнаа авдаг. Ингэхдээ ажилд орохоор горилж буй хүн бүрд тэгш боломж болгож, олон талаас нь нээж, тухайн хүнийг таньж мэдэх, олж харах талаас нь сонгон шалгаруулалтаа зохион байгуулдаг.
Сонгон шалгаруулалтыг ярилцлага, тест, багийн ажил зэрэг олон төрлөөр явуулахыг эрмэлздэг. Ур чадварын тест, техникийн болон хандлагын ярилцлага авах ажлын байрууд ч бий. Зарим тохиолдолд тодорхой даалгавартай явагддаг. Тухайн ажлын байрны зэрэглэл, онцлогоос шалтгаалан сонгон шалгаруулалтууд олон хувилбартайгаар явагдана. Нээлттэй зарласан бүх ажлын байрыг www.OT.mn сайт дээрээс харж болно.
Ажил хайж байгаа залуус, шинэ төгсөгчдөдөө хандан хэлэхэд, мэдээлэлтэй ойр байж, өөрт тохирсон ажлын байраа сайтар судлах хэрэгтэй. Өөрт таарах, сонирхсон ажлын байр, хөтөлбөрөө олж мэдсэн бол тухайн ажлын байрандаа өргөдөл гаргахад заавал цаг гаргаж бэлдээрэй.
Ямар ч сонгон шалгаруулалтын үед эхлээд тухайн өргөдөл гаргагчийн хүсэлт, өөрийгөө илэрхийлсэн захидалтай танилцдаг. Тиймээс тухайн өргөдөл нь ажлын байны шаардлагыг хангасан, CV нь эмх цэгцтэй байхаас эхэлнэ. Энэ бүхэн нь чамайг, таныг хэн бэ гэдгийг илтгэх хамгийн анхны сэтгэгдэл төрүүлэх мэдээлэл учраас цаг гарган бэлдэхийг зөвлөж байна. Түүнчлэн,
-Тухайн зарласан ажил мэргэжлийн тодорхойлолтын дагуу хүсэлт өргөдлөө гаргах,
-Мэдээллээ бүрэн дүүрэн бөглөх,
-Мэдээлэл нь үнэн байх зэрэг шалгуураар материалаа хянаж илгээж байхыг зөвлөе. Учир нь, утасны дугаарын нэг орон, э-мэйлээ алдаатай биччихвэл эргээд холбогдож чадахгүй байх зэрэг асуудал үүсдэг.
Өргөдөл гаргагч эхний шатандаа тэнцчихвэл ярилцлагад дуудна. Тиймээс ярилцлагадаа сайтар бэлдэж, ажиллах гэж байгаа компани, газар хэлтсээ сайтар судалж, ерөнхий ойлголттой орж ирвэл давуу тал болно. Мөн тухайн ажил мэргэжил, салбарынхаа талаар олон улсын мэдээллийг ч судалдаг байгаарай. Мэдээж зөөлөн ур чадваруудад суралцаж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурах нь чухал” гэж зөвлөсөн юм.
Шинэ төгсөгч хөтөлбөр нь карьерын өсөлт болон ажлын туршлага хуримтлуулахад маш том дэмжлэг болно
“Оюу толгой” компанийн Шинэ төгсөгч Д.Дэлгэрмаа: Би “Оюу толгой” компанийн 2024 оны Шинэ төгсөгч хөтөлбөрт тэнцэж, сургалтын ажилтан болоод байна. Манай Шинэ төгсөгчийн хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ жил 31 шинэ төгсөгч элсэн орсон. Тэдний нэгээр сонгогдсондоо үнэхээр баяртай байна.
Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамрагдсанаар Рио Тинто компаниас зохион байгуулж буй “Mentorship coaching” болон манлайллын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой байдаг. Үүнээс гадна дөнгөж шинэ төгсөж буй, ажлын туршлагагүй залууст хоёр жилийн хугацаатай туршлагажих боломж олгож байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар цаашдын карьерын өсөлт болон ажлын туршлага хуримтлуулахад маш том дэмжлэг болно гэж харж байна.
Яг одоо “Оюу толгой” компанийн ахлах мэргэжилтнүүдээс заавар, зөвлөгөө авч, туршлага хуримтлуулж байна. Энэхүү шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамрагдсанаар ажлын гүйцэтгэлдээ үнэлгээ хийх байнгын үйл явцад суралцаж, техникийн болон мэргэжлийн өсөлт хөгжил, манлайллын хөгжил, Рио тинто компаниас хэрэгжүүлдэг олон улсын Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн олон цахим сургалтууд, коучинг системд хамрагдаж буйгаараа давуу талтай.
Одоогийн байдлаар Оюу толгойн бүтээн байгуулалтад 21,000 гаруй монголчууд гар бие оролцож байна. Эдгээр ажилтнууд нь эрдэм мэдлэг, ур чадвараар дэлхийн хэмжээнд үнэлэгдэх мэргэжилтэн болон бэлтгэгдэж, олон монгол мэргэжилтнүүд Рио Тинто группийн болон олон улсын бусад компаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаа аж.