Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.30-аас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 43.805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 600 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 169, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19, Өмчлөх эрхийн эсрэг 249, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 28, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 100, бусад 16 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 88.091 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 87.407 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 86.467 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 940 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.996, Танхайрах 142, Хүний биед халдах 379, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 200, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 82.058, бусад 1.632 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 200 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 40, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 177, сураггүй алга болсон хүн 96, шүүхээс даалгасан хүн 79, зөрчил үйлдсэн этгээд 35 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх:
- Өнгөрсөн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн “Т”-н фейсбүүк хаягт түүний хувийн мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “З” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Мөн иргэн “Х”-ийн фейсбүүк хаягийн нүүр зураг болон фейсбүүк дэх бусад мэдээллийг ашиглан 2023 оны 10 дугаар сараас “H” гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн цахим орчинд “Санхүү өгнө, авна”, “Нүцгэн зураг бичлэг зарна, чат бичээрэй...” гэх утга бүхий зарыг нийтэлж, нэр хүндэд халдсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “М” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны 10 дугаар сарын 04-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх ойгоос иргэн Ж нь энэ оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн хэрэглээний, хуурай 4,127 метр куб модыг бэлтгэж, сумын ойн санд 2.401.515 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг түүж бэлтгэн, 2.300.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, 11.637.223 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь хууль бусаар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д орсон арц ургамал түүж, бэлтгэн 32.944.920 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
- Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Иргэнээс ийм орк байж болохгүй, урсгал сөрөөд” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч иргэн “Н”-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар жолоодох эрх хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.