Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хамт нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Засгийн газар 2021 оноос хойш түүхэндээ анх удаа буюу эрүүл мэндийн салбарт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Дээрх хөрөнгө оруулалтаар хэд хэдэн төрөх эмнэлгүүдийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийг шийдсэний нэг нь Эх хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн "Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”, "Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилгууд болон барилгын иж бүрэн их засвар юм.
Тус эмнэлэгт 2021 оноос хойш тасаг нэгж болон төрөх өрөөнүүдэд их засвар хийгдэж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд болон эх ургийн чиглэлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх Монгол Улсын анхны Перинатологийн клиникийг байгуулжээ. Мөн тун удахгүй ирэх 12 дугаар сард амбулаторийн шинэ барилга нь ашиглалтад орох гэж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Тус барилга ашиглалтад орсноор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, чадавх зургаа дахин нэмэгдэх боломж бүрдэж байна. Улмаар ирэх онуудад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг тусгаснаар 2027 онд гэхэд ЭХЭМҮТ-ийг бүрэн шинэчлэгдэж, хүрэлцээтэй хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг болохоор зорин ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Түүнчлэн 2021 оноос хойш хийгдсэн хөрөнгө оруулалтаар нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилгын санхүүжилтийг шийдсэн. Тус өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Өгөөмөр баян дэнж” ХХК нийт 45 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн барьж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Ийнхүү тус эмнэлэг 65 жилийн дараа орчин үеийн төрөх эмнэлгийн стандартыг хангасан барилгатай болж, Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргийн эхчүүд орчин үеийн шаардлага хангасан эмнэлгээр тухтай үйлчлүүлэх боломжтой бүрдэж байна.
Сайд С.Мөнхсайхан энэ үеэр шинэ эмнэлэг ашиглалтад орсноор орны тоо, тоног төхөөрөмж нэмэгдэж, тусламж үйлчилгээ, амбулаторийн чадавх энэ хэрээр сайжирч байгаа ч цаашид хүний нөөцийнхөө бодлогыг зөв зохицуулж, харилцаа хандлагын томоохон шинэчлэлт, өөрчлөлтийг гаргах шаардлагатай байгааг онцлон дурдлаа.