Цаг үеийн мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажлыг өнөөдөр (2024.10.07) улс даяар нэгэн зэрэг нээлттэй зохион байгууллаа.

Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгэл хангалаа.  Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж байрлуулаад байна. Түүнчлэн интернэтийн сүлжээгүй хэсгийн хороодод старлинк төхөөрөмж байршуулсан.

Сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилт нь санал тоолох төхөөрөмж санал авах байранд эвдрэл гэмтэлгүй, зөв хүргэгдсэн эсэх, сонгуулийн санал хураалтын өдөр дүн мэдээ дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг нээлттэй шалгах зорилготой юм. Сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилтыг хэвлэл мэдээлэл, олон нийт, ажиглагчдын өмнө ил тод, нээлттэй зохион байгуулж, туршилтын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулж, туршуулав.   

Санал авах байрны бэлэн байдал, сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажил амжилттай боллоо. 

2024 оны 10 дугаар сарын 11-ий өдрийн 07.00-20.00 цагт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авна. 

Таны сурталчилгаа