Цаг үеийн мэдээ

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 26-нд нээсэн. Уг замын үргэлжлэл хэсэг болох Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний үргэлжлэл хэсэг болох Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын зураг төслийг гарган, урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж дууссан тул барилгын ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой болсон. Энэ хүрээнд ирэх жилийн төсөвт хөрөнгийг тусган, 2025 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв. 

Мөн Эрчим хүчний гудамжийг дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ шалгаран, ажлыг эхлүүлээд буй. Түүнчлэн эл замыг өргөтгөхөд нийт 59 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч аж ахуйн нэгж хамтран өнөөдрийн байдлаар 16 нэгж талбарыг чөлөөлсөн. Газар чөлөөлөлтийн ажлыг дууссаны дараа эхний ээлжид Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх гүүрний гурван замын уулзвараас “Хөсөг трейд” ХК хүртэлх авто замыг дөрвөн эгнээ болгохоор төлөвлөж байгааг онцолж байлаа. 

Таны сурталчилгаа