“Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Ховд аймгийн алслагдсан багийн сурагчдад хүүхдийн автобусаар үйлчлэх боломжийг бүрдүүлэхээр “Хүүхдийн автобус, хүүхэд хамгаалал” нээлттэй тендер шалгаруулалтыг энэ оны 7-р сард зарласан.
Шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын гүйцэтгэгчээр “Хан туул трейд” ХХК шалгарч өнөөдөр /2024.10.07/ хүүхдийн гурван автобусыг орон нутгийн ажлын хэсэгт хүлээлгэн өглөө.
Орон нутгийн төсвийн 590 сая төгрөгийн санхүүжилтээр нийлүүлэгдэж буй эдгээр автобус нь БНХАУ-ын Фотон үйлдвэрийнх. 56 хүүхдийн суудалтай, стандартад нийцсэн, бүрэн камержсан гэдгээрээ давуу талтай бөгөөд үйлдвэрээсээ шууд нийлүүлэгдэж байгаа юм.
Тухайн автобусыг Ховд аймгийн Боловсролын газар хариуцан ажиллана. Удахгүй явах чиглэл маршрутыг тодорхой болгож, алслагдсан багийн сурагчдад үнэ төлбөргүй үйлчилж эхэлнэ. Ингэснээр сургуулиасаа хол амьдардаг хүүхдүүд хүйтэн сэрүүний улиралд тохь тухтай дулаахан автобусаар аюулгүй зорчих боломжтой болох юм.