Хүүхдийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяртай ярилцлаа.
-Таны олон нийтийн сүлжээнд бичсэн зүйл олныг цочроогоод байна. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа та өдөрт хэдэн хүн үзэж, оношилдог талаар эхлэх үү?
-Би ажлын таван өдөр Дархан-Уул аймагт ажилладаг. Энэ өдрүүдэд насанд хүрсэн хүмүүст үзлэг хийж, зөвлөгөө өгдөг. Долоон хоногийн амралтын нэг өдөр Улаанбаатар хот руу очиж, 50-55 хүүхдэд үзлэг хийдэг. Тэгэхээр сардаа 200-220 хүүхдэд үзлэг хийнэ гэсэн үг.
-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн өвчлөл нэмэгдсэн тухай та бичсэн байсан. Яагаад ингэж нэмэгдсэн юм бэ?
-Хүүхэд төрөхдөө архаг хууч өвчтэй төрнө гэж байхгүй. Төрөлхийн шалтгаантай өвчлөлүүд байдаг. Жишээ нь: дауны болон бусад төрлийн синдромууд, удамшлын шалтгаантай өвчлөлүүд бий. Гэхдээ маш цөөн. Хүүхдийн эмч нар энэ талаар ярьдаггүй, хүмүүс мэддэггүй байсан болохоос биш байж л байсан. Гэхдээ сүүлийн үед тохиолдлууд нэмэгдэж байна. Хүүхдэд хамгийн их тохиолдох өвчлөлд бөөр шээсний замын өвчлөл болоод байна. Цистит, давсагны үрэвсэл, бөөр усжих, бөөрний эмгэгүүд гээд төрөлхийн шалтгаантай ч байдаг, үрэвслийн шалтгаантай ч үүсдэг. Хоёрдугаарт, хоол боловсруулах замын өвчлөлүүд орно. Гэдэсний халдварууд, мухар олгой, нойр булчирхайн үрэвсэл зэрэг өвчлөлүүд орж байна.
-Яагаад эдгээр өвчлөлүүд нэмэгдэх болов?
-Эдгээр нь амьдралын хэвшлээс үүсэх хамгийн элбэг өвчлөлүүд юм. Нэгдүгээрт, амьдралын буруу хэвшилтэй нь холбоотой. Хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдалтай холбогдох байх. Хүүхдүүдийн хооллолт нас насны ангиллаар өөр л дөө. Жишээ нь: 0-5 нас, 5-10, 10-17 нас гэх мэтээр өвчлөлийн хэлбэрүүд бөөрөөр дамжин гарч ирдэг. Ерөнхий хоол боловсруулах замын өвчлөл дийлэнхдээ байдаг. Ялангуяа өсвөр насныханд элбэг тохиолдож байна. Хамгийн наад захын жишээнүүд бэлэн бүтээгдэхүүнүүд, бэлэн гоймон. Ходоодны үрэвсэлтэй, ходоодны шархлаатай, ходоод сунах зэрэг нь бэлэн гоймон байнга идэх, зохисгүй хооллох, өглөөний хоол иддэггүй гэх мэтээр амьдралын хэвшлээс үүдэлтэй үүсэж байгаа юм. Удамшлын гаралтай өвчлөл маш ховор. Ингэж дийлэнхдээ тохиолддог зүйл байхгүй. Жишээ нь: Гемангиома нь элэгний хоргүй хавдар. Энэ нь насанд хүрэгчдэд амьдралынх нь хэвшилд үүсдэг бол хүүхдэд төрөлхийн ч байж болдог.
-Нэгэнт өвдчихлөө. Тэгэхээр эдгээр өвчлөлүүд эдгэх магадлал хэр байдаг вэ?
-Жишээ нь: элэгний хоргүй хавдар гемангиома нь тэр чигтээ байж л байна. Хоргүй учраас хэмжээг нь хянана. Томорч байна уу, жижгэрч байна уу гэж л хянана. Бөөр, шээсний замын өвчлөл, Артрит буюу үений үрэвсэл, бөөр усжих зэрэг нь эмчилгээ, хагалгаа хийлгээд эргэж сэргээд хэвийн болох боломжтой. Тэгэхээр сэргэх боломжтой өвчлөлүүд бас л амьдралын хэвшлээс үүдэж байгаа л гэсэн үг. Хүүхдийн өөрийн биеийн байдал, дархлаа зэргээс хамаарна.
-Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь амьдралын зөв хэвшилд л шилжих байх нь ээ?
-Яг үнэн. Эрүүл хооллолт хамгийн эхэнд байна. Хүүхдэд бөөр шээсний замын үрэвсэл их байна, шээс нь өтгөн байна гэдэг нь ус сайн уух, шээсээ удаан барихгүй байх, ариун цэврээ сайн сахих, дороосоо даарахгүй байх зэргээр урьдчилан сэргийлнэ. Эдгээр хүчин зүйлээс болоод л өгсөх замын халдвар авч байгаа юм. Шээсээ бариад л байвал дээшээ халдвар орно оо л гэсэн үг. Эмэгтэй хүүхэд хүндэрчихээд бие засахдаа зөв арчихаас эхлээд хэвшлээ өөрчлөх шаардлага гарна. Хэрэв урагш чиглэлд арчдаг бол анус дээр байсан эмгэг нь урагш бэлэг эрхтэн рүү орчихно. Гэх мэтчилэн бага зэргийн үйлдлээр ч урьдчилан сэргийлж болно.
-Амьдралын буруу хэвшил гэхээр хүүхдүүд сургуульдаа ихэнх цагийг өнгөрөөдөг. Завсарлагаанаас нааш бие засаж болохгүй гэдэг. Тэгэхээр эдгээр хүчин зүйл ч бас нөлөөлж байгаа байх?
-Сургууль, анги танхимын хүрэлцээнээс болоод багш нар маш их ачаалал авч байгаа. 40-өөс дээш хүүхэд нэг ангид сурч байна. Хүүхэд болгоныг бие засаж байна уу, үгүй юу гэдгийг багш хянах хэцүү. Эцэг эхчүүд өглөө босоод цайг нь уулгаад, усны саванд ус хийгээд өгч явуулах, хичээлийн завсарлагаагаар бие засаарай, шээс чинь хүрвэл санаа зовохгүйгээр багшдаа илэрхийл гэх мэтээр эцэг эхчүүд л хүүхдүүддээ хэлж сануулмаар байгаа юм. Анги болгон эцэг эх, асран хамгаалагчийн хурал хийж байгаа шүү дээ. Нэг хүн л энэ асуудлыг хөндөөд энгийн ярилцлага хийгээд өөрчлөх боломжтой зүйл. Эцэг, эхээс эхлүүлээд хүүхдээр дамжаад багшид хүрч өөрчлөх боломжтой л асуудал. Жижигхэн хэмжээний өөрчлөлт хийчихэд л хэвийн болох боломжтой.
-Өсвөр насны хүүхдүүд сүүлийн үед шарсан кимчи гэх маш их халуун ногоотой зүйлийг байнга иддэг болжээ. Энэ нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд нөлөөлж байна уу?
-Шарсан кимчи гэх зүйл маш их болсон. Дэлгүүр болгон зарж байна. Сургуулийн орчинд зарж болох хүнс, болохгүй хүнс гэж гэж бий. Манайд тийм стандарт алга. Сургуулийн орчинд аль болж бүтэхгүй, хүүхдэд хортой гэсэн болгоныг зарж байна. Үүнээс болоод хүүхдийн хоол боловсруулах эрхтний өвчлөл нэмэгдсэн нь үнэн.
С.ОТГОНБАЯР