Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт хулгай орж, эд зүйл алга болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу СХД-ийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэн “Ногоон бүс” төслийн хүрээнд аж ахуйн нэгжид суурилуулсан камерын тусламжтайгаар тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй урьд өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан Х зэрэг нэр бүхий 3 этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Дээрх этгээдүүдийг СХД, СБД болон Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгийг хуульд заасны дагуу хураан авчээ.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед дээрх этгээдүүд энэ оны есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө БЗД-ийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий худалдааны төвөөс 120 ширхэг гар утас, дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлийг хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдоод байна.