Ардчилсан намаас мөнгө тараасан гэх мэдээллийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга:
-Яг одоогоор мөнгө тараасан гэх гомдол бүртгэгдээгүй. Сонгууль дуусах хүртэл цагдаагийн байгууллага өргөдөл гомдол хүлээн авч, шалгаж шийдвэрлэнэ. Ийм төрлийн мэдээлэл байвал цагдаагийн байгууллагад өгч шалгуулахад нээлттэй.
ЦЕГ дотоод албаны шалгалт явуулж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Цагдаагийн албан хаагч насанд хүрээгүй охид ажилладаг хууль бус газраар үйлчлүүлдэг байж болзошгүй гэх мэдээлэл байна?
-Иргэдээс өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Уг мэдээлэлд цагдаагийн албан хаагч холбоотой эсэх, цагдаагийн албан хаагч хууль зөрчсөн эсэх асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас мөн дотоод албаны шалгалтыг явуулж эхэлсэн. Одоогоор ямарваа нэг үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа, албаны шалгалтыг аль алийг нь явуулж байгаа.
-Оогий брэндийн үүсгэн байгуулагчтай холбоотой хэчнээн гомдол мэдээлэл ирсэн бэ?
-Иргэн Цандэлэг өөрийн твиттер хаяг дээр жиргэсэн байсан шүү дээ. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэж. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа.
-Цагдаагийн байранд иргэн өөрийгөө боомилж нас барсан гэх хэрэг бүртгэгдсэн үү?
-Бүртгэгдсэн. Ийм хэрэг болсон нь үнэн. Ховд аймгийн цагдаагийн газар энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр 14-15 цагийн үед Ховд аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байранд иргэн нас барсан асуудал гарсан. Уг асуудалд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тус иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирсэн дуудлага мэдээллээр ирсэн байсан.
Цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа хяналтын камерын дор явагддаг. Хяналтын камерыг албан хаагчид 24 цагаар хянадаг. Хүний амьсгал боогдох үйл явц маш хурдан болдог.