Цаг үеийн мэдээ

...Эрдэнэтийн овоо өнгөтэй байна 

Энэ зууны царай байна аа...

ингэж дуулалдан эх орны өнцөг булан бүрээс цугласан 74 илгээлтийн эзэн 1974 онд өнөөгийн Эрдэнэт хотын тулгыг тулж галыг асаасан түүхтэй. Хагас зуун жилийн өмнө асаасан галыг залгаж, бүтээн байгуулалтын шинэ түүхийг өвлөж яваа Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 7000 ажилтантай, Эрдэнэт хот 100 мянган хүн амтай, эх орны хоёр дахь том хот.

Илгээлтийн эзэд Эрдэнэтэд газар газраас цуглан эх орны бүтээн байгуулалтын нэгэн шинэ түүхийн эхний цэгийг хатгаснаас хойших 50 жилийн ой энэ онд тохиож байна. Эрдэнэс баялгаар газар шороо нь баян, эх оронч, анхдагчдын тоонот нутаг, хүн ам нь хөдөлмөрч ажилсаг, эрдэмлэг оюунлаг, залуус нь өнгөлөг, газар газраас цугласан бүтээн байгуулагчдын үр хойчсын Эрдэнэт хотын 21 дүгээр зууны шинэ түүх юу вэ? Өчигдрийн түүх агуу ч өнөө үеийнхэн өөрсдийн шинэ түүхээ хэрхэн яаж бүтээх вэ?

“Эрдэнэт шинэ илгээлт” урт хугацааны хөгжлийн бодлого бол хандах зүг, хүрэх зорилго нь тодорхой, хийх ажил, шийдэх асуудал иж бүрэн төлөвлөгөө, илүү нарийвчлалтай газрын зураг юм. Монголыг хоёр зуун дамнан, социалист, капиталист хоёр өөр нийгэмд итгэл найдвар алдалгүй тэжээн тэтгэсээр, ашиг орлого, татвар хураамжийн голыг бүрдүүлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ээ тулж түшиглэсэн 6 том мега төсөл хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Есөн эрдэнийн нэг зэсийн баяжмалынхаа биет хэмжээг өсгөх бус үнэ цэн, өртөг ашиг нэмсэн бүтээгдэхүүн боловсруулах шинэ үйлдвэрүүдийн үүдийг нээх нь хөгжлийн гарц, дэвшлийн орц юм. 

Түүхий эд гаргадаг түүхийг өөрчлөх 6 шинэ бүтээн байгуулалт нь: 

1. Үйлдвэрлэл, технологийн парк

2. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр 

3. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 

4. Эрдэнэт машин цогцолбор 

5. 5000 оюутантай Сургалт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор хотхон

6. Үүсмэл орд буюу овоолгыг баялаг болгох, Хаягдлын шинэ сан байгуулах 

иж бүрэн төлөвлөгөө, төсөл юм. Эрдэнэтийн 21 дүгээр зууны шинэ сэргэлтийг  шинэ цагийн илгээлтийн эзэд гардан хэрэгжүүлнэ. Эрдэнэтийн шинэ зууны шинэ түүх эрчээ аван бүтээн босгохын хэрээр хийх ажил, авах цалин, олох ашиг, үнэ цэн, өртөг өгөөж Эрдэнэт хот өнөөдрөөс сайхан маргаашаа өөрсдөө бүтээнэ. Үйлдвэрлэлийн 6 төсөл дээр хүндээ ээлтэй, цэвэр агаартай, ухаалаг шийдэлтэй, цардмал сайн замуудтай, эрүүл ногоон оюунлаг хот болох 6 үндсэн дэд бүтцийг хамтад нь угсран босгохоор төлөвлөн тооцжээ. Эрдэнэтийнхэн бүтээснээсээ ихийг бүтээж чадна. Эрдэнэт хот өчигдөр, өнөөдөр, маргаашийн гурван цагийн хэлхээн дээр шинэ түүхээ бичнэ. 

Таны сурталчилгаа