Цаг үеийн мэдээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр барилгын төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр эдийн засаг тэлэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тодотгоод Засгийн газраас хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай үйлчлүүлэгчдийг эх орондоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулах шийдвэр гаргаж, барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.  Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм ч үүн рүү чиглэж байгааг хэллээ. Мөн  улстөржилтөөс шалтгаалж томоохон төслүүд гацах ёсгүй. Хөрөнгө оруулалтуудын төсвийг бүтэн тавина. 2026 онд ашиглалтад орох энэ төслийн хүрээнд эмнэлгийн барилга, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УНТЭ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж ирсэн. Цаашид энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэх хандлагатай байгаа. Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 600 гаруй хүн байна. Энэ төв ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох маш том боломж бүрдэнэ. 2011 оноос зураг төсөв нь хийгдэж, яригдаж эхэлсэн уг төвийн хөрөнгө оруулалт хамтарсан Засгийн газрын үед шийдэгдэж, барилгын ажил ийнхүү эхэлж байна. Эрүүл мэндийн салбарынхан болон ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Гадаадад энэ төрлийн мэс заслын өртөг 300-450 сая төгрөг орчим байдаг бөгөөд монголчууд 2023 онд 203 сая ам.долларыг хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авахад зориулжээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засгийн хувьд гадаад валютын нөөцөө хамгаалж, дотооддоо эргэлтэд оруулах ач холбогдолтойг Ерөнхий сайд нэмж тодотгов. Мөн Засгийн газраас 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон өргөжүүлж, орчин үеийн техник технологийн дэвшил, AI хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийг гадаадад бэлтгэж, 2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг дөрвөн ортой байгуулж байжээ.  Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эсийн эмчилгээ болон шинэ технологи, инновацыг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэх төдийгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад хийлгэснээс 10-50 дахин бага зардлаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн нэг жилд хоёр дахин олон хүнд үйлчлэх боломж бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд 160-180 үйлчлүүлэгч хамруулна. Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг 10 хувиар бууруулах ач холбогдолтой юм.

Таны сурталчилгаа