Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа. Хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Энэ чиглэлээр МУ-ын хэмжээнд ХАБЭА-н хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, эрүүл ахуйн хэмжилт хийх, үнэлгээ, дүгнэлт гаргах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж сувилах, хөдөлмөр зохицуулалт, магадлал хийх, ХАБЭА-н сургалтын бүртгэлийн гэрчилгээ олгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа талаар тус төвийн дарга М.Даваабат танилцуулсан. 2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд гэмтэж, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод бүртгэгдсэн. Нийт ослын 13.7 хувь нь нас барсан тоон мэдээлэл байна. Эдгээр ослын 25.2 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт бүртгэгджээ. Ажлын талбарт осол эндэгдлийг бууруулах, ХАБЭА-ын салбарын үйл ажиллагааг эрчимтэй сайжруулах шийдэл боломжийн талаар санал солилцсон. Сайд, энэ салбарт хууль эрх зүй болон бодлогын шинэчлэл хийхээ цохон тэмдэглээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад бүх салбарт хэрэгжүүлэх боломжтой гадаад болон дотоодын сайн туршлагаас судлахыг үүрэг чиглэл болголоо.