Аравдугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-ийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Налайх дүүргийн Засаг дарга Х.Анхбаяр нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир оролцов.
Тус цэцэрлэгийн анги дүүргэлт хэт өндөр байдаг нь гол тулгамдсан асуудал болоод зогсохгүй анги, танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор түр хугацаанд үйл ажиллагаа явуулж буй гэр цэцэрлэг нь эрүүл ахуй болон аюулгүйн стандарт шаардлагыг бүрэн хангадаггүй байна. Иймд өргөтгөлийн барилга баригдаж, ачаалал багассанаар цэцэрлэгийн 173 хүүхэд, 25 багш, ажилтны эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллах орчин бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь дээрх хөтөлбөрийн 606 дахь, Налайх дүүрэгт хэрэгжих 7 дахь төсөл болж байна. Мөн энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 122,165 ам.доллар болно.