Цаг үеийн мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв БНСУ-ын Тэгү хотын “Pureun” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан түлэнхийн эрчимт эмчилгээ, мэс заслын чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэллээ.  

Тухайлбал, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Сэргэлэнхад тэргүүтэй удирдлагын баг БНСУ-ын Тэгү хотын “Pureun” эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. 

Улсын хэмжээнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын эмнэлгийн хувьд, ГССҮТ-өөс түлэгдэлтийн шалтгаант хүндрэл, нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээ болон арьс шилжүүлэн суулгах, түлэгдлийн дараах сорви суллах мэс засал эмчилгээг хөгжүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийг эх орондоо нэвтрүүлэхээр зорьж буй юм. 

Сүүлийн зургаан жилийн судалгаанаас харвал, Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 68 гаруй хүн түлэгдэлтийн шалтгаанаар нас барсан бөгөөд нийт тохиолдлын 31%-ийг 0-4 насныхан эзэлж байна.  

Тиймээс энэ чиглэлээр БНСУ-ын Тэгү хотын “Pureun” эмнэлэгтэй хамтын ажиллагааг өрнүүлж, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцохоор боллоо. 

Таны сурталчилгаа