Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол нь даркнэт орчинд криптовалют ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр гишүүн улсуудынхаа цагдаа, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын чадавхыг сайжруулах зорилгоор эрхлэн гаргасан “Даркнэт ба Криптовалют” гарын авлагыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Интерполын Үндэсний төв товчооны дарга, доктор /Ph.D/, бригадын генерал Т.Сүхболд (Ph.D)-ын санаачилгаар тус газрын Интерполын Үндэсний төв товчоо болон Эрүүгийн цагдаагийн алба хамтран монгол хэлнээ орчуулан эмхэтгэн гаргалаа.
Уг бүтээлийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2024.10.10/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд Интерполын Инновацын төвтэй хамтран зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээний үеэр бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ: Олон улсын түвшинд цахим гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, цагдаа, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд Интерпол чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, энэхүү гарын авлагыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан явдалд Интерполын Инновацын төв болон тус төвийн харьяа Кибер орчин, шинэ технологийн лабораторийн хамт олонд Монголын Цагдаагийн байгууллагын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, уг гарын авлага монгол хэл дээр хэвлэгдэн гарснаар цагдаагийн байгууллагын алба хаагчид даркнэт орчинд криптовалют ашиглан үйлдэж буй үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүхий л төрөлтэй идэвхтэй тэмцэх үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэсэн юм.