Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар өнөөдөр (2024.10.10) мэдээлэл өглөө.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбарыг 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудаст байршуулж, иргэдийг танилцах боломжоор хангасан. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг 9 дүгээр сарын 13-аас сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлсэн.
Сонгогчийн ирц бүртгэлийн программ хангамж бүхий техник, тоног төхөөрөмжийг аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, дүүргүүдэд тагнуулын байгууллагын хяналт доор хүлээлгэн өгсөн.
2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо 2.246.164, үүнээс үндсэн сонгогч 2.101.897 байна. Сонгогчдын 1.002.278 нь нийслэлд, 1.099.619 нь орон нутагт байна.
Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дараа буюу 7 дугаар сарын 5-ны өдөр улс төрийн намуудаас сонгуулийн санал авах өдрийн өмнө лацдаж хадгалсан баазыг мэдээллийн нэгдсэн сангийн үндсэн баазтай тулгаж, сонгогчийн бүртгэл давхацсан эсэхийг нягтлан шалгасан. Мэдээллийн нэгдсэн санд ямар нэг зөрчил дутагдал байхгүй, нэг сонгогч нэг хэсэгт байна гэдгийг шалган тогтоож баталгаажуулсан” гэв.