Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм. Тэгвэл энэ онд тус 16 км урт, хоёр эгнээ бүхий замыг шинэчилж байна. Мөн ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус замын ажил өнөөдөр 44 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Билэгт зам” компани ажиллаж, арваннэгдүгээр сарын 20-нд авто замыг дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар НЗХГ-ын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Тахилтаас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг барихдаа цементээр бэхжүүлсэн суурин дээр асфальт бетоноор хоёр үе хучсан, 9 см хучилттай. Ус зайлуулах байгууламжтай. Авто замын урд талаар явган хүний зам, дугуйн замыг барина. Одоогийн байдлаар 4 км хэсэгт гадаргуун боловсруулалт хийж, цементээр бэхжүүлсэн суурин дээр асфальт бетон хучилтууд хийж, хөдөлгөөнийг нээсэн. Энэ амралтын өдрүүдээр “Найрамдал” зуслан доторх мөн 4 км авто замын хучилтыг хийхээр хашлага тавьж, бэлтгэл ажлыг хангасан. Үлдсэн 8 км зам бүтцийн эвдрэлтэй учраас газар шороо, хөрс, суурь солих ажлыг бүхэлд нь хийж нягтруулж байна. Нийт авто замын ажил дууссаны дараа явган хүний замыг хийнэ” гэв.

Тахилт, “Найрамдал” зуслан чиглэлийн уг авто замыг олон улсын чанарын стандартын дагуу өндөр хийцлэлээр барьж буй онцлогтой.

Таны сурталчилгаа