Цаг үеийн мэдээ

Монгол идээ ундаа бол ан амьтан авлах, аян дайнд мордох, арьс шир элдэх, идэш малаа төхөөрөх, эмнэг догшныг сургах, өртөө улаа нэхэх зэрэг нүүдлийн хүнд хөдөлмөр, биеийн хүчний ажлын хоол хүнс.  Морин дэлэн дээр өсөж өтөлж, өл дааж, өвлийн хүйтэн шөнө адуу манаж хонодог  өлчир чийрэг монгол хүнд өөх тос, өег нүнжиг хоол хүнс онц чухал хэрэгцээтэй байв.

Паартай байшинд, паалантай жорлон дээр өсдөг, төмөр хүлгийн зөөлөн олбог дээр  тухалдаг, босоо монгол заяатай гэвч байнгын хэвтээ суугаа байрлалтай, гарын бяраа гар утсаар сольсон, балгад хотдоо багтаж ядсан байран суурин амьдралтай өнөө цагийн хүмүүст өөх тос, өег нүнжиг тогтохгүй байна. Хээр гадаа ажлын хоол 4 ханан доторх, 4 дугуйн дээрх дотор амьдралтай хүний биед нийцэлгүй байна.

Идэхийн төлөө амьдрах бус амьдрахын төлөө иддэг Монголын оюун санаа орвонгоороо эргэв. Ясны хөлс асгаруулах аяга шөл оочих биш  ягтаа тултал чихэх хуурга үмхлэх нь өөхөн тулам, өвчний үүр болгосоор байна. Махаа идээд, мангасаа зүүдлээд гэдэгчлэн үдэш оройн цагаар өөхтэй хуурга, тостой цуйван  таваг тавгаар нь гулгуулсаар 10 хүний 6 нь Цүндээлэй, Цондоолой болж  эрүүл мэнд, амь насаа хорлож байна.  

Үдэш оройн цагаар өөх тостой хуурга, цуйван иддэг яг тэр аягандаа үндэсний брэндийн лавшаа оочдог болох, муу зуршлаа сайн хэвшлээр солих соёлын довтолгоо өрнүүлж байна. Шөл уух, хуурга идэх хоёр шөнө, өдөр шиг ялгаатай. Хуурч шарсан хоол илчлэг ихтэй, илүүдэл жин үүсгэх ид хорлолтой. Сүмо бөхчүүд аяга аягаар нь будаа идчихээд унтаж хэвтдэг нь жин массаа хурдан нэмэх арга зам. Жингээ хурдан нэмэх, цолоо ахиулах зорилготой сумо бөх Та биш бол хуурга идчихээд хурхирч гарах ямар ч шаардлагагүй. Шөл 1-2 цагт хурдан шингэнэ. Хуурга 8-12 цаг замын түгжрэл шиг удааширч, бие махбодид тань илчлэг дулаан үүсгэн хурааж, тарга тэвээрэг нэмнэ. Дулаан байранд илчлэг дулаанаа гадагшлуулж чадахгүй, шим тэжээл ихтэй идсэн хоолондоо идэгдсээр, зүрх судасны өвчлөл, хорт хавдар хаалга тогшихгүй орж ирнэ. 

Өнөө цагт өвчин хийсэж ирдэггүй, хэлж ирдэг болсон. Аминдэмээр баялаг, гэдэс ходоодонд шингэцтэй, үндэсний лавшаа брэндээ таалан зооглох аваас тарга тэвээрэггүй, бие эрүүл, ухаан саруул байна.   

Намхан морио унаад, махир нумаа эвшээлгээд, дэлхийг дайлсан хүлэг баатруудын үр сад бид өнөөдөр тарган цүндгэр гүзээтэй, тахиан цүүцгэр хөлтэй, аалзан хэлбэртэй, ямаан омогтой болж байна. Намхан морио унаад алсыг зорих биш Налайх хүрэхгүй өлсөж даараад, өлдөж ядраад өнхрөөд унахаар байна. Ястай шөрмөстэй, яргай хар махтай өвөг дээдсийн үр сад өөхөнд булагдсаар байх аваас өөрийн эрүүл мэндэд хортой, үндэсний нэр төрд ч халтай.  

Турж үхэхгүй, таргалж үхнэ. Хөдөлж үхэхгүй, хөшиж үхнэ. Өвчин хийсэж бас хэлж ирнэ. Оройдоо шөлтэй хоол ид. Таргалахгүй. 

Таны сурталчилгаа