Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саналаа өглөө. Тэрбээр сонгуулиа өгч гарч ирээд сэтгүүлчдэд хандан үг хэллээ.

Өнөөдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгууль их онцлогтой. Яагаад гэхээр УИХ-ын сонгуульд бүсчилсэн тойргийг бий болгож анх удаагаа явагдсан. Үүний үр дүнг хэрэгжүүлэх зорилготойгоор орон нутгийн сонгууль явагдаж байгаа гэж хэлж болно. Улс орны хөгжлийн бодлогын асуудлуудыг УИХ, Засгийн газрын түвшинд түлхүү яригддаг. Орон нутгийн хөгжлийн бодлогын асуудал орон нутгийн ИТХ-аар дамжуулан хэрэгждэг. Энэ сонгуульд ард иргэд идэвхтэй оролцон өөрсдийн төлөөллийг бүрэн сонгож чадсанаараа Засгийн газар, УИХ-аас хэрэгжүүлж байгаа бодлоготой хөл нийлүүлж алхах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой сонгууль болдог. Энэ удаагийн сонгуульд улс даяар 17 мянга орчим хүн нэр дэвшиж байна. 12 улс төрийн нам оролцож байна. Нөгөө талаас орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцож сонголтоо зөв хийж чадсанаар аа бодлогыг хэрэгжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрддэг гэдэг үүднээс иргэд анхаарал хандуулж оролцоосой. Өнөөдрийн сонгуулийн ирц 50+1 хувийн ирц бүрдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Урьд урьдын орон нутгийн сонгуулиуд ирц хангалтгүй байсан учраас Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирцийн босгыг авсан байдаг. Гэхдээ иргэд амьдарч байгаа орчиндоо илүү тав тухтай амьдрах өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг сонгох чадвараа бий болох зорилгыг энэ удаагийн сонгуульд илүү анхаарах болов уу гэж найдаж байна.   

Таны сурталчилгаа