Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Монгол Улсын Боловсролын зээлийн сангийн удирдлагуудтай 2024 оны аравдугаар сарын 4-ний өдөр цахим уулзалт хийж Франц Улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт төрийн сангийн болон Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын суралцаж буй байдал, үр дүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтад Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа, хөтөлбөрийн ажилтан Ө.Батмандах, Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү, зөвлөх С.Уянга, хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ганхэт, боловсрол хариуцсан атташе Б.Булгамаа нар байлцав.
Уулзалтын үеэр манай улсын оюутан залуус Франц улсад суралцахад тулгамдаж буй зарим нэг саад бэрхшээл болон мэргэжлээрээ сурч төгсөөд улс эх орны хэрэгцээт салбарт ажиллаж хувь нэмрээ оруулж тэтгэлгийн үр шимийг сайжруулах чиглэлд илүү анхаарах шаардлагатайг талууд тэмдэглэв.
Оюутан залуусыг Францад суралцахад Кампус Франц байгууллага болон хоёр орны Элчин сайдын яамд, Францын Техник технологийн их сургуулиудын зөвлөл /ADIUT/ дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа Боловсролын зээлийн сангийн зүгээс илэрхийлэв.
Тус Элчин сайдын яамнаас оюутнуудын хичээлийн жил жигдэрч байгаатай холбогдуулан энэ оны аравдугаар сарын сүүлчээр цахим болон биечлэн хэлбэрээр ээлжит уулзалтаа зохион байгуулахаар төлөвлөж байна.