Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэхдээ "2024 оны аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит сонгууль өнөөдөр болж амжилттай дууслаа. Өнөө өглөөний 07:00 цагаас 20:00 цаг хүртэл улсын хэмжээнд 2230 хэсгийн хороонд 2.107.000 нэрсийн жагсаалтад орсон сонгогчийн саналыг хураах ажил амжилттай явагдлаа. Санал хураах үйл ажиллагаа хаагдсан. Одоо дүнгээ дамжуулах ажил эхэлж байна. Энэ удаагийн санал хураалтын дүнг Нийслэлийн сонгуулийн хорооноос удахгүй дамжуулна. Аймгууд өөр өөрсдийн Сонгуулийн хороодод дэлгэц байруулан, тухайн нутаг дэвсгэртээ дамжуулж үзүүлнэ. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн тухай хуулиндаа ингэж зохицуулсан. Санал хураалтын явцад бүтэн өдрийн турш олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллалаа. Сонгууль ямар нэгэн маргаангүй тайван болж дууслаа. Зарим нэг газарт тог цахилгаан тасрах асуудал гарсан. Түргэн шуурхай ажиллаж техникийн багийнхан хэвийн байдалд оруулсан. Улсын хэмжээнд нийт ирцийн дүн 53.1 хувь. Нэрийн жагсаалтад байгаа 2.107.000 сонгогчоос 1.119.600 хүн саналаа өгсөн. Үүн дээр яльгүй жаахан нэмэгдэнэ. Яагаад гэвэл интернэтийн сүлжээгүй, огт сүлжээнд холбогдоогүй алслагдсан хэсгийн хороодуудын ирцийн дүн жаахан нэмэгдэнэ. Улсын хилд тулсан хэсгийн хороодод старлинк төхөөрөмж суурилуулах боломжгүй. Үүрэн телефон холбооны сүлжээ байхгүй хэсгүүдийн ирц ороогүй байгаа.