Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар аравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордсон. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.
Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн өнөөдөр айлчлалын багийнхан болон МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгээр ахлуулсан манай улсын бизнес эрхлэгчид Туркменистаны бизнес эрхлэгчидтэй танилцах чөлөөт уулзалт хийсэн бөгөөд эл уулзалтаар хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл солилцсон байна. Мөн Туркмен хивсний үндэсний музей, Ашхабадын нэхмэлийн үйлдвэртэй танилцаж, Аркач худалдааны төвөөр зочилж, Туркменистаны аж үйлдвэрийн бүстэй танилцжээ.