Цагдаагийн байгууллагад өчигдөр 14:50 цагт “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, хоёр хүн нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагааг явуулахад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркийн авто машин замын зорчих хэсгийн баруун тал руу гарч осолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нийт таван иргэнээс хоёр иргэн нас барж, хоёр иргэн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Тухайн ослын талаар тодрууллаа. Тус аймгийн Чандмань сумын иргэн С “Тонхил сумын хүүхдүүд гэж дуулсан. Одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь их л хүнд байгаа гэж дуулдсан. Тонхил суманд сонгуульд саналаа өгөөд буцаж явсан юм билээ. Өөрсдийнхөө машинд тавуулаа явсан. Түүнээс сонгуульд ажиллаагүй юм байна лээ” гэв. Ингээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн эмч Л.Гантөмөрөөс тодрууллаа.
-Өчигдөр Дэлгэр суманд гарсан ослын улмаас гурван хүн танай эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Гурван оюутан ослын улмаас хүргэгдэн ирсэн. Нэгийнх нь биеийн байдал хүнд байна. Толгой болон хацрын яс хугархай, хоёр шилбэ нь хугарсан. Одоо хагалгаанд орох гэж байна.
-Ямар хагалгаа хийх вэ?
Ясны хагалгаанд орно. Хоёр шилбийг хадна.
-Нөгөө хоёр өвчтөн нь ямар байгаа вэ?
-Нэгд нь дотор ажиглалт, эмчилгээ хийж байгаа. Удахгүй дахин үзлэг хийнэ. Жаахан толгой эргээд, гуйваад байна гэсэн. Толгойдоо гэмтсэн шархтай, хөлийн тавхайн яс нь цууралттай. Одоо тасаг руу шилжээд эмчилгээнд орох гэж байна.
-Нөгөөгийнх нь бие ямар байгаа вэ?
-Рентген зураг харсан. Өөрчлөгдсөн зүйл харагдаагүй. Одоо дахин компьютер зураг авах гэж байна. Тийм гурван хүн ирсэн. Эмчилгээ үргэлжилж байна.
Осолд орсон иргэдийн ар гэрийнхэнтэй холбогдов. Аав, ээж нь “Энэ тухай яримааргүй байна” гэсэн юм.
Харин ерөнхий боловсролын сургуулийнх нь багш М.Хүүхнээ сурагчдынхаа тухай “Харамсаад баршгүй...
Нутагтаа 21 жил багшлахдаа хамгийн сүүлд Нийгмийн ухааны хичээл заасан шавь нар минь. Жил бүр "Мөрөөдлөө бичээрэй" гэдэг даалгаврыг өгөөд өөрсдөөр нь уншуулдаг сан.
Тэдний нэгэн мөрөөдөл миний сэтгэлд тодоос тодхон үлджээ. Хоёр мөрөөдөл байна багш аа.
Эхнийх нь Ш.Гиваа ахын “Land 200” машинд сууж үзмээр байна. Тэр үед “Land 200” дөнгөж гарч байсан үе. Хоёрдох нь: Баруун бүсийн хурдан морины уралдаанд хол саахалтын зайтай ирсэн хүрэн азарганы нуруун дээр салхи татуулан давхиж үзмээр байна. Магнайдаа тоосгүй ирдэг үнэхээр сайхан азарга юм аа. Уяач энэ тэртэй нь хэлсэн байх аа. Одоогоос олон жилийн өмнө болохоор нэрийг нь мартчихжээ.
Сумын төвийн буйдхан алсад төрж өссөн тэдний минь мөрөөдөл тийм л гэнэн, гэгээн байж дээ.
Энэ зун нутагтаа очиход тэнгэр баганадсан том залуучууд болчихсон
-Багшаа та сайн ирсэн үү? гээд гүйлдэж явсан сан.
Гэгээн мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ гүйцээж амжилгүй тэнгэрт одчихно гэж санасангүй” хэмээн өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.
С.ОТГОНБАЯР
BatErdene
2024-10-14
Ygaad xoorxi muu oyutnuudig naash tsaash zoosin be ta xediin buruugaas bolj altan amitai nzuudmin ene xorwood orxiloo