Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа. 

-Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед таны байр суурь ямар байна вэ? 

-Яг л урагшаа харсан том эдийн засгийг дэмжиж төслүүдийнхээ санхүүжилтийг үлдээгээд бусад хэмнэж болох зардлуудаа анхаараад, засаад явах нь зүйтэй гэж харж байгаа. Хоёрдугаарт, цаашдаа Засгийн газар, Сангийн яамнаас төсөвт бусдаар гүйцэтгүүлэх зардал өндөр байна гэж байгаа. Үүнийхээ задаргааг маш сайн тайлбарламаар байгаа юм. Өнгөрсөн цаг хугацаанд бид төрийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлье, мэргэжлийн холбоонд шилжүүлье, чаддаг институтэд нь шилжүүлье гэж ярьчхаад одоо энэ бодлогоосоо эсрэг юм яриад байж болохгүй. Үүнийг шилжүүлэхийн тулд төсөв мөнгийг нь бас өгөх ёстой. Бид өчигдөрхөн ярьж байсан зүйлээ өнөөдөр мартаж болохгүй. Энэ мөнгөний цаана жишээ нь, 1.9 их наяд төгрөгийн цаана яг ямар ямар үйлчилгээг хувийн хэвлээр хийлгэх гээд байгаа юм. Юу хийлгэх гээд байгаа юм гэдэг зүйлээ хэлмээр байна. Шүүмжлүүлээд байгаа гадаад томилолтын зардал өндөр байна гэж байгаа боловч өнөөдөр гадаад харилцааны асуудал гэдэг маш чухал. Эдийн засаг болон улс төрийн, бүс хэмжээн дэх Монгол Улсын эрх ашгийг хамгаалах зүйл. Энэ хөрөнгө мөнгөний хэчнээн нь төрийн өндөр айлчлалд зориулагдаж байгаа юм. Хэчнээн нь Монгол Улсын нэгдэж орсон гэрээ конвенцуудыг олон улсын байгууллагууд дээр очиж хамгаалах зардал вэ. Маш олон гэрээ конвецид орчихсон дөрвөн жил тутамд очиж хамгаалах ёстой байдаг. Зардал мөнгөгүйгээс гэдэг шалтгааныг хэзээ ч олон улсын байгууллага хүлээж авдаггүй. Заавал ир гэдэг. Маш том бүрэлдэхүүн явдаг. 20-30 хүнтэй. Би өөрөө Засгийн газрын түвшинд ажиллаж байсан учраас энэ зовлонг мэдэж байгаа. Энэ талаарх мэдээллийг иргэд олон нийтэд зөв өгөхгүй бол ерөөсөө л гадаадад зугаалах гэж байгаа юм шиг яриад байдаг. Цаана нь ажил хийх гэж байгаа, Монгол Улсын нэгдэж орсон гэрээ конвенцыг хамгаалах гэж байгаа хүмүүс өөрсдөө хувиараа зардлаа гаргаад явах юм уу. Ийм л байдалтай байгаа. Тиймээс мэдээллээ сайн өгөөд хэмнэж болох зардлаа хасах нь зөв. 

Салбарын сайд болгон, ерөнхийлөн захирагч болгоноос жигд 10 хувь хасна гэсэн мэдээлэл яваад байх шиг байна. Тэр бол зохимжгүй л гэж хэлмээр байна. Зарим салбарт хасаж болохгүй зардал байгаа. Бид яг аль зардлаас хасах вэ гэдгээ маш сайн бодож тооцоолж байж хийх ёстой. Үүнийг л зарчим болгоно. Харин үүний цаана битгий жижиг тойргийн амбиц гаргаасай л гэсэн болгоомжлол гэдэг юм уу, тийм санаа зовсон байр суурьтай л байна.  

Таны сурталчилгаа