Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959 онд Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг тус, тус баталснаар 1990 оноос хойш жил бүрийн 11 сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон түүхтэй. Энэхүү өдрийг өдгөө дэлхийн 130 гаруй улс тэмдэглэж, хүүхдийн эрх хамгааллын сэдэвт хурал зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж заншаад байгаа юм.

Өнөөдөр /2024.11.20 лхагва/ Төрийн ордны Үндсэн хууль танхимд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ийн Хүүхдийн Сантай хамтран “Нийгмийн бодлого, хамгаалал-хүүхэд” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар нийгмийн хамгаалал, хүүхдийн хөгжил, шинэ тутам тулгарч буй нийгмийн бодлого, насжилтийн асуудал, бүс нутгийн нийгэм эдийн засгийн чиг хандлагуудын талаар Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад НҮБ-ийн Хүүхдийн Сангийн бүсийн нийгмийн бодлогын зөвлөх мэдээлэл өгч, санал солилцлоо. Уг зөвлөлдөх уулзалтаар хүүхэд болон гэр бүлд тэргүүлэх ач холбогдол өгч, Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого боловсруулах талаар удирдамж өгөх бөгөөд цаашид НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) тай хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.

Зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Б.Мөнхсоёл удирдаж, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгч Эваристе Куасси Комлан нарын гадна, дотны албан тушаалтнууд оролцлоо.

Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан хэлэхдээ, “Өчигдөрхөн хүүхдийн төлөө ажилладаг 21 аймаг, нийслэлийн байгууллагуудын төлөөлөл, төр, хувийн хэвшлийн салбарынхантай хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүд нь УИХ-аас цаашид батлан гаргах хууль, тогтоомжуудын бодлого тодорхойлоход чухал хувь нэмэр оруулна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсөвт хүүхэд хамгааллын зардалд 22.1 тэрбум төгрөг, Хүүхдийн мөнгөн тэтгэмж, 1.6 их наяд төгрөгийг тусгуулан УИХ-аар батлуулан ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтад оролцогч талууд “Өнөөдөр хүүхэд хамгаалал, хүүхдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх,  өрхийн амжиргааг дэмжих бодлогыг төр хэрэгжүүлснээр ирээдүйд ахмад настнууд, нийгмийн халамж зайлшгүй хүртэх шаардлагатай зорилтот бүлэгт хөрөнгө оруулалт хийж буй урт хугацааны дараа хэрэгжих нийгмийн бодлого мөн” гэдэг дээр санал нэгдсэн юм.

 

 

Таны сурталчилгаа