Цаг үеийн мэдээ

Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасан тоонд хүрсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-д нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд 70 мянга түүнээс дээш дэмжсэн бол УИХ-ын дарга саналыг хэлэлцүүлж, шийдвэрлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын таван өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж заасны дагуу УИХ-ын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснийг Б.Бейсен дарга гишүүдэд уншиж, танилцуулав.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т холбогдох Байнгын хорооны саналыг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ гэж заасны дагуу уг асуудлыг хэлэлцсэн юм.

Эхлээд утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжлээ.  

Мөн Ажлын хэсгийн ахлагчийг сонгох асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулах санал хураалтыг явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж, батлав. Уг тогтоолд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсныг тусгасан байлаа.

Дээрх тогтоол баталсантай холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Ингээд Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Таны сурталчилгаа