Zogii.mn АНУ-ын автомашины соёл, тойм мэдээллийн алдартай сэтгүүл болох Road & Track-ийн Ерөнхий редактор Даниэль Пандын (Daniel Pund) бичсэн "Үл мэдэгдэх таашаал: Алс бөглүү газруудын гайхамшиг" (Unknown Pleasures: The Delights of Nowhere) тэмдэглэл нийтлэлийг бүрэн хэмжээгээр нь монгол хэл рүү хөрвүүлэн хүргэж байна
Энэхүү дугаарт тэд дэлхийн хамгийн алс бөглүү, замгүй газруудын нэгээр Монгол Улсыг онцлон нэрлэжээ.
... Францын өмнөд хэсэг үнэхээр сайхан л даа, гэхдээ дэлхийн "хаа ч үгүй" мэт алс бөглүү, зэлүүд газрууд хамаагүй илүү сонирхолтой. … Тэнд танд чиглэл заах ямар ч тэмдэглэгээ, заагч шугам гэж үгүй. Та зүгээр л энэ дэлхийн хөрсөн дээр өөрийн хүссэн дурын зүг рүүгээ автомашинаа жолоодон давхина хэмээн түүний тэмдэглэл өгүүлж байна.
"Би дэлхийн нөгөө талд, шөнө дөлөөр газардлаа. Монголын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас зочид буудал руу намайг хүргэж явсан чиглэлийн автобус доторх уур амьсгал яг л нүдээ нээлттэйгээр зүүдэлж байгаа буюу яг REM-д орсон (REM (Rapid Eye Movement) буюу нүдний хурдан хөдөлгөөнт нойрны шат нь хүнийг унтсанаас хойш дунджаар 90 минутын дараа анх эхэлдэг бөгөөд тархины идэвхжил хамгийн өндөр байдаг, тод зүүд зүүдэлдэг үе шат юм. Хүний нийт нойрны 20-25%-ийг REM нойр эзэлдэг) мэт сэтгэгдэл төрүүлж байв. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн хий үзэгдэл харах шиг. Замын баруун талын хашлага дагуу унадаг дугуйтай хүн машинд мөргүүлээд, хөдөлгөөнгүй хэвтэж байхыг би харсанаа тод санаж байна. Наад зах нь нэг Toyota Prius тэрхүү бэртсэн хүнд туслахаар зогссон харагдсан ч, миний сууж явсан чиглэлийн автобус тухайн дүр зургийг яг л Диснейлэндийн “It’s a Small World” тоглоомон дээр хажуугаар нь зүгээр л өнгөрдөг автомат хүүхэлдэйн үзмэр мэт огт тоолгүй хажуугаар нь гүйцэж түрүүлэв. Би зүүн гар тийшээ, өөдөөс ирэх замын хөдөлгөөнийг гөлрөн ширтэж, машины хурц гэрлүүд миний нүдний торлог бүрхэвч дээр зураасан зураг үлдээхийг зөвшөөрөн сууж байтал
— Хөөе, энэ чинь одоо юу вэ?!
Бүх машинууд нь Prius байх боломжтой гэж үү? Энэхүү зүүд шиг мэдрэмжинд минь зориулж миний тархи ядаж ганц хуучны Alfa Romeo эсвэл бүр Miata ч болохноо ургуулан бодож чадсангүй юу? Гэвч тэрхүү Prius-үүд үнэхээр бодитой байсан бөгөөд тэд яг л асар том арми шиг тоо томшгүй олон байв. Заримынх нь арын хажуугийн цонхыг даавуун хөшигөөр хааж, зарим нь бартаат замын өндөр (all-terrain) дугуй тавьчихсан харагдана. Хамгийн хачирхалтай нь, баруун гарын дүрэмтэй (замын баруун талаар зорчдог) энэ улсад тэдгээр бүх машинууд нь баруун талдаа жолоотой байв. Энэ нь ямар ч логикгүй мэт санагдаж байсан ч, сүүлд нь би эдгээр машинуудыг Япондоо ашиглалтаас гарсан, хямд үнээр Монголын зах зээл рүү цутгадаг Японы дотоодын зах зээлийн (JDM) бага зэрэг гүйлттэй Toyota-нууд болохыг олж мэдсэн юм.
Би Улаанбаатар хотын төвд байрлах, гаднаасаа асар их гялалзах алтан шаргал өнгөтэй, өндөр шилэн зочид буудал дахь өрөөндөө сэрээд хөшгөө нээтэл, би бараг л хаягдсан тоглоомын паркийн голд зогсож байх шиг дүр зураг угтав. Ер нь энэ аялал яг хэр удаан үргэлжлэх юм бэ? Нийслэл хотоор өглөө алхаж явахдаа би (Америкийн алдартай киноны) 'Predator' мангас 'Xenomorph' (Alien) загвартай чоппер мотоцикл хөлөглөн давхиж буй хүрэл өнгөтэй хөшөөний хажуугаар өнгөрөв. Тэгтэл үүнээс ердөө нэгхэн блокийн цаана KFC-ийн салбар байж байх юм. Би одоо ч нөгөөх л зүүд шиг аялалдаа явсаар байгаа нь илт байлаа.
Үүний дараа би Монголын уламжлалт хөөмийн тоглолт үзэж сонирхоод, тус улсын палеонтологийн баялаг өв соёл буюу үлэг гүрвэлийн олдвор, яснуудыг дэлгэн тавьсан нэгэн худалдааны төвөөр зочиллоо. Удалгүй би Говийн цөл дэх Өмнөговь аймаг руу нисэв. Тэндхийн нисэх онгоцны буудлыг өөр ямар нэгэн газартай холбосон олигтойхон тавьсан зам гэж үгүй байлаа. Та зүгээр л энэ дэлхийн хөрсөн дээр өөрийн хүссэн дурын зүг рүүгээ автомашинаа жолоодон давхина. Тэрхүү хязгааргүй уудам орон зайд та намхан морьд, өвөрмөц дуутай жижиг мотоциклууд, хааяа нэг тааралдах суурин сууцууд, үлэг гүрвэлийн ил харагдах яс, хуучин Зөвлөлтийн үеийн зэвсэгт хүчний ашиглалтаас гарсан цэргийн тэрэгнүүд болон тоолж баршгүй олон архины хоосон шилтэй тааралдах болно. Энэ газар магадгүй диваажингийн 'Шангри-Ла” биш байж болох ч, эцэс төгсгөлгүй үргэлжлэх сонирхол татам ертөнц мэдээж мөн.
Миний хэлэх гэсэн гол санаа бол: Францын өмнөд хэсэг яг л сурталчилгаа шигээ үзэсгэлэнтэй, тансаг байдаг нь үнэн. Гэвч энэ дэлхийн 'хаа ч үгүй' мэт алс зэлүүд, бөглүү газрууд нь хүний сэтгэл бодлыг бүрэн өөрчилж, гайхшруулж чадах ер бусын сонин хачин гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байдаг юм. Яг л Монгол Улс, тоосон дунд дарагдсан Баруун Австрали, Фарерын арлууд болон Атлантын далайн яг гол дунд орших зэлүүд цэгүүд шиг. Та бүхний олж харахчлан, эдгээр бүх газрууд нь урьд өмнө нь хэлж, дүрсэлж байгаагүй тийм гайхамшигт соёл, сонирхолтой түүхүүдийг өөртөө агуулж байдаг… “ хэмээн бичжээ.
Даниэль Панд нь автомашины салбарын сурвалжлагаар 30 гаруй жил дагнан ажилласан АНУ-ын нөлөө бүхий колумнист, автомашины шүүмжлэгч юм. Тэрээр салбарын хамгийн том хэвлэлүүд болох Car and Driver, Autoweek, мөн эрчүүдийн Esquire, GQ сэтгүүлүүдэд нийтлэлээ гаргаж байсан бөгөөд 2024 оноос эхлэн Road & Track сэтгүүлийн Ерөнхий редактороор ажиллаж байна.
ТАТАР МАЙДАР







)
