Dark Light
Гадаад | 2026-11-22

ПЕНТАГОН ҮТНБ-ИЙН ТУХАЙ ШИНЭ НУУЦ БАРИМТУУДЫГ НИЙТЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Батлан хамгаалах яам арваннэгдүгээр сарын 20-нд үл танигдах гаж үзэгдлүүдийн тухай буюу үл танигдах нисдэг биетүүдийн (ҮТНБ) тухай, нууцын зэрэглэлээс гаргасан найм дахь багц материалаа олон нийтэд дэлгэлээ. Энэхүү багцад нийт 43 файл буюу 40 баримт бичиг, гурван дүрс бичлэг багтсан байна.

Тус яамны мэдээлснээр зарим бичлэгийг Ойрхи Дорнодод хийсэн аж. 2020 оны бичлэг дээр нефть тээвэрлэгч эсвэл нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой төстэй усан онгоцны дэргэдүүр үл танигдах биет нисэн өнгөрч буй нь харагдах бөгөөд зураг авсан яг тодорхой байршлыг нууцалжээ. 2026 оны нэгдүгээр сард хийсэн өөр нэг бичлэг дээр хөдөлж буй хэд хэдэн биетүүд тод харагдана. Мөн 2020 оны өөр нэг 20 секундийн бичлэгийг АНУ-ын цэргийн платформ дээрх хэт улаан туяаны мэдрэгчээр буулгасан бөгөөд уг бичлэгт үл танигдах биет баруунаас зүүн тийш шилжих үед камер түүнийг дагахын тулд чиглэл болон хэмжээгээ өөрчилж буй нь буужээ.

Баримтуудад дурдагдсан хамгийн алдартай тохиолдлуудын нэг нь 1957 оны арваннэгдүгээр сард Техас мужийн Левелленд хотын орчимд болсон явдал юм. Хэд хэдэн хүн бие биенээсээ үл хамааран тэнгэрт тод гэрэлтэй зууван эсвэл дугуй хэлбэртэй биетүүд харснаа мэдээлсэн байна. Тэр үед тэдний заримынх нь автомашин ажиллахаа больж, хөдөлгүүр нь унтрахын зэрэгцээ асаалт, гэрэл болон радио нь тасарч байжээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчин ийм зургаан тохиолдлыг нарийвчлан судалсан ба үүнийг олон нийтэд зарласны дараа хэдхэн хоногийн дотор ижил төстэй олон зуун мэдээлэл иржээ. Цэргийнхэн үүний хамгийн магадлалтай тайлбарыг бөмбөлөг аянга зэрэг агаар мандлын ховор үзэгдэл гэж нэрлэсэн бөгөөд харь гарагийн хөлгийн ул мөр олоогүй байна.

Шинэ материалуудын дунд Японы орчимд үл танигдах биеттэй таарсан Америкийн цэргийн нисгэгчийн яриа ч багтжээ. Түүний хэлснээр уг аппарат хагас бөмбөрцөг хэлбэртэй байсан аж. Нисгэгч түүнд есөн километр орчим ойртох үед биет огцом хурдалсан ба илтгэлд түүний хурдыг цагт 3,333 км гэж тооцоолсон байна. Гэсэн хэдий ч газрын радарууд уг байг бүртгээгүй бөгөөд хоёр дахь нисгэгч нь үүнийг батлаагүй байна.

1950-иад оны эхэн үеийн Тагнуулын төв газрын (ТТГ) баримтуудаас харахад тухайн үед АНУ-д ҮТНБ харсан тухай 1,500 орчим мэдээлэл бүртгэгдсэний 20 орчим хувь нь тайлагдашгүй хэвээр үлджээ. Тагнуулын байгууллага мөн олон нийтийн ҮТНБ-ийг сонирхох хандлагыг сэтгэл зүйн ажиллагаанд ашиглах боломжтой эсэх, ийм мэдээллийн урсгал Америкийн холбооны системд хэт ачаалал өгөх эсэхийг үнэлж байсан байна.

Өмнө нь Пентагон өөр баримтуудыг ч нийтэлж байсан билээ. Тэдгээрийн дотроос Розуэлл дэх АНУ-ын Агаарын цэргийн баазын офицер асан Уолтер Хаутын 2002 онд тангараг өргөн өгсөн мэдүүлэг олдсон юм. Тэрбээр бааз дээр брезентээр бүтээсэн өндөг хэлбэртэй биет болон "хүүхдийнх шиг жижиг биетэй ч биедээ ахадсан том толгойтой" хоёр амьтны цогцос харсан хэмээн батлан өгүүлж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08